Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн амаржсан найзын маань хүүхэд өвдсөн учир Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийг зорив. Эг маггүй уйлах бяцхан үрсийг эмчлэх гэж эмч нар өдөр шөнийг үл анзааран, зүтгэсээр байгааг найз маань надад хэллээ. Хаана, юу нь өвдөөд байгаагаа хэлж чадахгүй хүүхдүүдийг эмчилнэ гэдэг мэдээж хэцүү. Найзыгаа хүлээх зуур хонгилд нэгэн эмэгтэйтэй таарлаа. Тэрбээр төрөөд удаагүй бололтой бяцхан үрээ энгэртээ наан бүүвэйлж, нааш цааш алхана. Хүн хүлээх зуураа түүнтэй хэдэн үг солив.
Төрөлхийн суурь өвчтэй, тархины даралттай хүү ихэр аж. Цамцных нь энгэр хөхний сүүнд нэвт норсон бүсгүй нөгөө хүүгээ “Эмчилгээнд орсон, яаж байгаа бол” гэж санаа зовон өгүүлэв. “Хоёулаа хүү болохоор ховдог. Хөөрхий, бие нь тавгүй болохоор байнга уйлах юм. Яаж ийгээд хүн хийгээд авчих юмсан. Хүн болгоод авбал учир бий” гээд инээмсэглэх түүнийг П.Сэлэнгэ гэдэг. Биднийг ийнхүү хэдэн үг солих зуур хүүхэд тэвэрсэн нэгэн эмэгтэй “Сэлэнгээ нааш ир” гэж зандрангуй дуудлаа. Эмч, сувилагч юм болов уу гэхээр арай л биш ээ. Тушаангуй ярих эмэгтэй ихрийн нэгийг тэвэрсэн бололтой.
Эмэгтэй дуудсан даруйд нь гүйж очоод хүүгээ хөхүүлж харагдав. Хонгилд байсан эхчүүд “Нөгөөх эмэгтэй чинь шүү дээ” хэмээн жиг жуг хийлээ. “Яасан эмэгтэй юм бэ, яагаад нөгөөх гээд байгаа юм бэ”гэж асуухад “Эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдэлж байгаа юм гэсэн. Нөхрийгөө егүүтгэсэн гэж дуулдсан” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Нөгөөх зандраад байсан хүүхэн харгалзагч аж. Тавь орчим насны эмэгтэй П.Сэлэнгэтэй хүүхдүүдийнх нь биеийн талаар ярилцан, цай хоолыг нь өгөөд надтай цөөн хором ярил цахыг зөвшөөрсөн юм.
-Та Сэлэнгийн хамаатан нь уу?
-Би хамаатан нь биш ээ. Ээж нь надтай арван жилийн нэг ангийн найз. Дарханд байгаа болохоор эднийхээ төлөө явж чадахгүй байгаа юм. Би аав, ээжийг нь сайн мэддэг. Хүүхэд нь тийм зүйл хийх ёсгүй л юмсан.
-Чухам юу болсон юм бэ?
-Жилийн өмнө нөхөр нь архи уугаад ирэхээр нь орхиод явах гэсэн юм билээ. Гэтэл амиа хорлоно гээд байсан гэсэн. Би сайн мэдэхгүй л дээ. Ер нь архинаас л болсон бололтой. Хоёр ихэр хүүхэд тээнэ гэдэг хэцүү шүү дээ. Тухайн үед жи рэмсэн байсан болохоор согтуу хүний хажууд байх хэцүү байсан болоод аав, ээжийндээ очих гэсэн байх. Сэтгэл санааны хүнд нөхцөлд хүүхэд тээсэн болохоор хоёр ихэр нь тархины даралттай, элэгний өөрчлөлттэй гээд олон суурь өвчтэй төрсөн. Би чадах ядахаараа туслахыг хичээж байна. Хоёр хүүхдээ тэврээд явж байгаа бүсгүйг хараад өр өвдөх юм.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагад ч ханддаг юм билүү гэж бодлоо. Яах учиртай юм бол. Хянагч эмэгтэй ажлаа хийж байгаа болохоор буруутгах үндэс алга. Харин энэ хүүхдүүд хэцүү байна. Хорих ангид нь тусгай өрөө байдаг ч ямар олигтой байв гэж ярив. Дархан-Уул аймгийн шүүхээс П.Сэлэнгэд арван жилийн ялыг жирийн дэглэмтэй, эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн юм байна.
Хөл хүндтэй тэрбээр шүүхийн эцсийн шийдвэр гартал 83 хоног түр саатуулагдсан аж. Түүнийг долоон настай хүү нь хүлээж, ихэр хоёр үр нь амаа ангайж хөхөө хайх аж. Бүсгүй хүний хөхний сүү сэтгэл санаатай шууд холбоотой байдаг учир зарим үед татарчихдаг гэнэ. Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд ялаа хойшлуулах гэж зориуд хөл хүндтэй болдог гэж хуулийнхан ярьдаг юм билээ. Харин П.Сэлэнгэ хэрэг гарахаас өмнө жирэмсэн, хоёр ихэр хүү тээж байгааг нь эмч нар хэлсэн аж.
Хуулинд ял эдэлж буй эмэгтэйчүүд зургаан сар хүүхэдтэйгээ байх эрхтэй. Харин ихэр хүүхэдтэй эхчүүд ямар эрхтэй байх талаар зүйл заалт байдаггүй. Нэг биш хоёр хүүхдийг шоронгийн нөхцөлд өсгөнө гэдэг тийм ч амар биш. Бяцхан үрсийн эрүүл мэнд, хувь заяаны төлөө сэтгэл гарган явж буй эмэгтэйн сэтгэл юу тай сайхан. Ээж нь эрхээ хасуулж, хуулийн дагуу ялаа эдэлж байгаа ч хоёр үр нь давхар яллагдах учиргүй гэж тэр хэлсэн.
Х.ОЮУНСҮРЭН