Агаарын бохирдлын асуудал хариуцсан төр, хувийн хэвшлийн байгууллагынхан жил бүрийн өдийд бужигнадаг байлаа. Хавар, зуны турш чих амар, амралтын байдалтай байсан төрийн байгууллагынхан намрын сэрүү оров уу, үгүй юү, энд тэндхийн томоохон зочид буудлын танхимд хурал хийдэг “уламжлал” тогтсон. Эрдэмтэн, судлаач, салбарын мэргэжилтнүүдээ сонсъё, утааг үлдэн хөөх мэргэн шийдэл даруй олъё гэж сүрийг үзүүлэн, элдэв төсөл, хөтөлбөр танилцуулдаг сан. Утаа арилгахад төсөвлөсөн мөнгөнөөс хувь хүртэхийг санаархсан хувийн хэвшлийнхэн төрийн унхиагүй, урагшгүйг шүүмжлэн “чарлаж”, үе үе хэвлэлийн хурал зарладаг байв. Агаарын бохирдол бууруулах дэвшилт шийдэл бүхий технологи импортолдог компаниуд “Ногоон технологи” нэртэй үзэсгэлэнг нийслэлийн төв талбайд ёс юм шиг зохион байгуулж ирсэн. Өдгөө энэ “уламжлал” алдагджээ. Утаа бууруулах нэрийн доор зохион байгуулдаг арга хэмжээ моодноос гарав. Энэ ч яах вэ. Мөнгө, цагийн гарз болсон, ач холбогдолгүй арга хэмжээг хойш тавихад гэмгүй. Хамгийн гол нь төрийн байгууллагынхан агаарын бохирдлын асуудалд төдийлөн анхаарахаа болив. Айдгаа авдартаа хийчихсэн, даваагаа давчихсан мэт царайлах боллоо.
Утаа их байна гэсэн яриа үүсэхэд “Улаанбаатар хотгор газарт байрладаг учраас тунарал үүсдэг. Газар зүйн онцлог нөлөөлж буй” хэмээн тайлбарлах аж. Агаарын бохирдлын асуудлаар олон нийт санал, шүүмж хэлэхээр “Өмнө нь ямар байснаа сана” гэх шиг тоомжиргүй хандах нь түгээмэл. Эцэстээ Засгийн газар иргэдийн амыг таглахын тулд, утаа буурсан хэмээн бат нот итгүүлэх зорилгоор “Агаарын бохирдол багассан гэдгийг та мэдсэн үү” гэдэг тайлбар бүхий төлбөртэй сурталчилгаа хийлгэхдээ хүрэв. Түүнийг нь Экологийн цагдаагийн алба түгээж байх жишээтэй. Гэтэл бодит байдалд нийслэлийн агаарын чанар тэдний (төрийн байгууллагынхны) хэлж, сурталчилж байгаачлан үнэхээр 50 хувь буурсан уу, илт багассан уу гэдэг нь өнөө хэр эргэлзээтэй. Өнгөрсөн өвөл гэхэд Улаанбаатар хот утаан хөшгөө нөмөрч, хорт бодисын агууламж норм, стандартыг олонтоо давсан шүү дээ. Агаарын хэм хасах руу хараахан шуудраагүй энэ үед ч Баянхошуу, Зуун айл орчим улаан (их), хүрэн (маш их бохирдолтой) ангилалд багтсаар байна.
Улаанбаатарын утаа 50 хувь буурсныг яаж батлах вэ” гэсэн асуултыг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнд тавихад “Дэлхийн хотуудын агаарын чанарыг үнэлдэг “AirVisual” аппликэйшнээс харж болно. Өмнө нь Улаанбаатар эхний тавд багтдаг байсан бол яг одоо (өчигдөр 10.30 цагийн үед) 58 дугаарт явна. Бодит үр дүн ийм л байна. Мөн нийслэл дэх агаарын чанарын 15 суурин харуулын мэдээллийг нэгтгэдэг “О2” аппликэйшнээс хаана, хэр зэрэг бохирдолтой байгааг мэдэх боломжтой” гэж хариулав. Гэтэл “AirVisual” аппликэйшн нь хагас цаг тутамд мэдээллээ шинэчилдэг. Ийм үзүүлэлтээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж асан хот 3-4 цагийн дараа хойш сураггүй “шидэгдэх нь” бий. Сүүл хавьцаа “явж” байсан нь эсрэгээрээ айргийн тавд давхих жишээний. Өөрөөр хэлбэл, агаарын хэм, хөдөлгөөний эрчим, идэвхтэй галлагааны үе зэргээс хамаараад хотуудын агаарын чанар цаг тутам өөрчлөгдөж байдаг. Эл аппликэйшнийг удаан хугацаанд ашиглаж буй хүний хувьд итгэлтэйгээр хэлэхэд, Улаанбаатар өглөө, өдрийн цагаар ийнхүү “нэр цэвэр” хотын тоонд орж болох ч үдэш орой, хүйтний эрч чангарсан үед хамгийн их бохирдолтой гэсэн улаан “титэм”-ийг байнга зүүдэг юм.
Харин нийслэлийн агаарын чанарыг бүсчлэн үзүүлдэг “О2” аппликэйшн юу “хэлж” байгааг ганц жишээгээр сонирхуулъя. Энэ сарын таван буюу уржигдар Улаанбаатарт найман градус байв. Харьцангуй дулаан гэсэн үг. Гэтэл тус өдрийн 11.03 цагт Баянхошуу орчимд агаар бохирдуулагч бодисын хэмжээ 268 хүрэв. Хорт бодисын хэмжээ 201-300 бол эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахуйц гэж үздэг. Үүнээс нэг цаг 40 минутын дараах хэмжилтийг харахад тус бүс дээд үзүүлэлтдээ буюу маш их бохирдолтой болсон байлаа. Аппликэйшн дээр үүнийг “>500” гэж тэмдэглэжээ. Өөрөөр хэлбэл, нэг шоо метр дэх хорт бодисын агууламж хүлцэх хэмжээг давж, аюултай түвшинд хүрсэн гэсэн үг. Өчигдөр мөн л ийм байдал давтагдав. Гадаа есөн градус дулаан атал Баянхошуу жин үдийн цагаар маш их бохирдолтой байв. Агаарын бохирдолтой тэмцэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагынхны итгэлтэй “мэдээлэгч” болсон аппликэйшнүүд бодит байдлыг ийнхүү мэдээллээ. Утаа “мартагдсан” ч уршиг нь арилаагүйг санууллаа.
“Утаа илт багассан” хэмээн итгүүлэхээр улайрах төрийн байгуулагынхныг шүүмжилж, өгсөн мэдээлэл, баримтыг нь нягталж буй нь өө сэв эрсэндээ, эсвэл шүүмжлэхийг урьтал болгосондоо бус юм. Гагцхүү бодит байдлыг тэр хэвээр нь хүлээн зөвшөөрч, үнэлж, дүгнэж байж агаарын бохирдлын эсрэг тэмцэл үр дүнд хүрнэ. Утаа жинхэнээсээ буурна. Дараа дараагийн арга хэмжээ байгаа оноход, үр дүнд хүрэхэд нөлөөлнө. Шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг хойш тавилгүй “барьж авах” шалтгаан болно.
“Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа багассан. Гэхдээ зөвхөн харагдах байдал талаасаа. Бодит байдал дээр агаар бохирдуулагч зарим (хүхэрлэг хий, азотын давхар исэл) бодисын хэмжээ улам ихэссэн. Энэ нь шахмал түлш бэлтгэхэд ашигладаг бодистой холбоотой. Өвөл гадаа явахад хоолой хорсох болсон нь үүний илрэл” гэсэн байр суурийг зарим судлаач, эмч илэрхийлсээр ирсэн. Өнгөрсөн оны өвөл гэхэд олон нийтийн сүлжээнд ийм шүүмжлэл эрчээ авсан юм. Сайжруулсан түлшний чанар муудсан гэж хардах хүн олон байв. Тухайн үед түлш үйлдвэрлэгч компанийнхан өөрсдөдөө дүн тавиад, “Манайх үйлдвэрлэлийн технологийг чанд мөрддөг. Алдаа гаргаагүй” гээд өнгөрсөн. Гэтэл агаар, орчны бохирдол бууруулах нэгдмэл зорилготой, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад гол оролцоотой байгууллагууд өнөөдрийг хүртэл эл асуудлаар ганц үг ганхийсэнгүй. Гэр хорооллын айлуудын яндан хөөлөх, угаарын хий мэдрэгч суурилуулах тухай л ярьсаар байна. Уг нь яавал хордохгүй байх вэ гэдэгт бус, түлшнийхээ чанарыг хэрхэн сайжруулж, угааргүй болгох вэ гэдэгт анхаарах ёстой юм. Энэ талаар дорвитой судалгаа, дүгнэлт ч алга, мэргэжлийн байгууллагуудад. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд нь “Сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд гурван жилийн нүүр үзлээ. Алдаа оноо байлгүй яах вэ. Түлшний чанар, үйлдвэрлэл жилээс жилд сайжирна. Шахмал түлш утаа их ялгаруулдаг гээд зогсоох эрхгүй. Галт тэрэг хэдийн хөдөлсөн” гэсэн тайлбар хэлж сууна. Гэтэл энэ хугацаанд 3700 гаруй хүн угаартаж нас баржээ. Жижиг сумынхтай дүйцэхүйц тооны хүн амиа алдсан байна. Энэ бол “том” тоо. Ийм байхад түлшний чанар аяндаа сайжирна, цаг хугацааны асуудал хэмээн алгуурлаж, буруу галлагаанаас л боллоо гэж өөрсдийгөө хаацайлах нь зүйд нийцэмгүй.
Өөр нэг анхаарал татсан асуудал байгаа нь агаарын чанар сайжруулах бүсийг тэлэх. Одоогоор зөвхөн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Налайх, Багануур, Багахангай төвөөс алслагдмал ч нийслэлийн агаарын чанарт ихээхэн нөлөөлдөг. Хаа холын Сибирийн түймрийн утаа Монгол орныг яах ийхийн зуургүй бүрхэж байхад олон арван уурын зуух, хэдэн мянган яндантай зэргэлдээ суурингийн “хорт хий” Улаанбаатарыг алга урвуулахын хооронд бүрхэж дөнгөнө. Өдгөө хотын агаарыг бохирдуулж буй хорт бодисын зонхилох хэсэг нь ч тэндээс үүдэлтэй. Судлаачид ч үүнийг хэлдэг. Тэгвэл Засгийн газар хэдийнээс нийслэлийг бүхэлд нь сайжруулсан түлшээр хангах вэ. Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн зун (долдугаар сард) дээрх гурван дүүргээс нэн түрүүнд Налайхыг агаарын чанар сайжруулах бүсэд хамруулах санаачилга гаргаж, энэ ажлыг зохион байгуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн. Эл ажлын явц ямархуу байгааг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрынхнаас тодруулахад “Түлш үйлдвэрлэлийн хүчин чадал, нөөцөөс хамаараад энэ жилдээ өнжье гэсэн саналыг Эрчим хүчний яам гаргасан. 2022 оноос хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Агаар бохирдуулагч олон эх үүсвэр бий. Нийслэлийн гэр хороолол зонхилох хувийг нь “үйлдвэрлэдэг” бол дараа нь тээврийн хэрэгсэл, дулааны цахилгаан станц, хөрсний бохирдол, эвдрэл, сул шороо ихтэй зам эрэмбэлэгддэг. Тиймээс агаарын бохирдлын эсрэг тэмцлийг үр дүнд хүргэе гэвэл олон талт арга хэмжээ авах нь зүйтэй гэж үздэг. Засгийн газар ч ийм бодлого баримталдаг юм билээ. Тэгвэл энэ хүрээнд юу хийж байна вэ. Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтрүүлснээс өөр ямар аргаар утаатай тэмцэж буй бол. Энэ асуултад Б.Пүрэвсүрэн “Хийхээс аргагүй нэг ажил байгаа нь тээврийн хэрэгслээс үүдэлтэй утааг бууруулах. Ингэж чадвал хотын утааг дахин 10 хувиар бууруулах боломжтой. Нийслэлийн хэмжээнд 621 939 тээврийн хэрэгсэл бий. Үүний 481 мянга нь 10 ба түүнээс дээш насжилттай, хуучин машин. Энэ тоо бидэнд олон зүйлийг “хэлж” байна. Оношилгооны компаниуд ийм хуучин, утаа их хаядаг машинуудыг яагаад хэвийн гэж үнэлээд, замын хөдөлгөөнд оролцуулаад байна вэ. Тээврийн хэрэгсэлдээ шүүлтүүр суурилуулахыг, машиндаа урсгал засвар тогтмол хийхийг жолооч нараас яагаад шаардахгүй байна вэ. Гурав дахин их хортой утаа ялгаруулдаг дизель автобусыг ямар учраас нийтийн тээвэрт явуулах болов гэх мэтчилэн маш олон асуудал байна. Бид үүнийг цэгцлэх зорилготой олон талт ажил хийнэ. Эхний ээлжид оношилгооны компаниудтай тулж ажиллана” хэмээн ярилаа. Гэхдээ энэ нь дөнгөж яриа хэлэлцээний түвшинд буй аж. Санаа төдий зүйл гэсэн үг. Тэгэхээр яг одоо манай улсад агаарын бохирдол бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа бодитой ажил гэвэл хортой, олдоцгүй хэмээн үе үе шүүмжлэл, хэл ам дагуулдаг сайжруулсан шахмал түлшнээс өөр алга.