Олон улсын “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд манай улс өчигдөр коронавирусийн эсрэг 899 730 тун “Пфайзер” вакцин хүлээн авлаа. Манай улсад нийлүүлэх вакцины санхүүжилтийг АНУ-аас хандивлажээ. Хандивын вакциныг Мичиган муж улсын Каламазу хот дахь “Пфайзер” компанийн үйлдвэрээс шууд нийлүүлсэн байна. “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд манай улс долоо дахь удаагаа вакцины тусламж авсан нь энэ. Түүнчлэн энэ удаад нэлээд их хэмжээний вакцин авснаараа онцлог юм. Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар нийт хүн амын 69.2 хувь нь вакцины эхний, 65.5 хувь нь хоёр дахь тунг хийлгэжээ. Мөн гурав дахь тунд 323 940 иргэн хамрагдсан байна. Иргэдээ дархлаажуулахын тулд манай улс одоогоор 7.3 сая орчим тун вакцин татан аваад байгаа юм. Нөөц ийнхүү хангалттай түвшинд хүрсэн тул дархлаажуулалтын цэгүүдийг иргэдэд ойртуулж, тоог нь нэмэх, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэрт нь очиж вакцинд хамруулахаар Засгийн газраас өчигдөр шийдвэрлэсэн.
Ташрамд дурдахад, “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс өмнө нь зургаан удаагийн тээвэрлэлтээр нийт 503 100 тун “Пфайзер”, 112 800 тун “АстраЗенека” вакцин авч байв.
Бэлтгэсэн М.Оч