“Сод Монгол” компани АИ-92 бензиний худалдаандаа хязгаарлалт хийсэн тухай албан бичиг өнгөрсөн мягмар гарагт нийгмийн сүлжээнд тархсан. Үүний улмаас хомсдол үүсэхээс урьтаж бензин авах гэсэн хүмүүс шатахуун түгээх станцуудын гадна урт дараалал үүсгэсэн билээ. Иргэд их хэмжээгээр худалдан авснаар зарим шатахуун түгээх станцын бензин дууссан нь дахин хомсдол үүсэх нь гэсэн иргэдийн айдсыг улам дэвэргэсэн гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан дүгнэж байгаа аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал тухайн үед буюу мягмар гаргийн орой импортлогч компаниудтай уулзалт хийн, татан авч буй шатахуунаа хэрхэн хуваарилахаа хэлэлцэж байжээ. Гэтэл “Сод Монгол” компани АИ-92 шатахуундаа хязгаарлалт хийхээр болсон тухай албан бичиг нийгмийн сүлжээнд тархжээ. Уулзалтад оролцож байсан “Сод Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэврэнчин “Би ийм албан бичигт гарын үсэг зураагүй” гээд асуудлыг зохицуулахаар явсан байна. Улмаар уг хуурамч албан бичгийг няцаасан мэдэгдэл гаргажээ.
Газрын тосны бүтээгдэхүүн, тухайлбал, АИ-92 бензиний нийлүүлэлт хэвийн байгаа аж. ОХУ болон БНХАУ-аас өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 2-ныг хүртэл нийт 11 704 тонн АИ-92 маркийн бензин импортолсон байна. Мөн импортлогч компаниуд энэ сард ОХУ-аас нийт 54 880 тонн АИ-92, БНХАУ-аас 12 700 тонн АИ-92, АИ-95 бензин худалдан авах захиалга өгч баталгаажуулжээ. ОХУ, БНХАУ-аас импортолж буй АИ-92 бензиний тээвэрлэлт, татан авалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу гүйцэтгэж, төмөр замын тээвэрлэлтийг саадгүй зохион байгуулж буй гэнэ. Тухайлбал, энэ сарын 2-5-нд ОХУ-аас нийт 33 вагон 2000 тонн АИ-92 ачигджээ. Улмаар энэ сарын 6 -10-нд ОХУ-аас 35, БНХАУ-аас 100 вагон, нийт 5000 тонн автобензин импортоор оруулж ирэх юм байна. Манай улсын гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн засварын ажил өнгөрсөн долоо хоногт дууссан гэнэ. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа ирэх 15-наас бүрэн жигдэрч, өдөр бүр 2400 тонн АИ-92 бензин манайх руу ачуулахаар тохирчээ. Ингэснээр энэ сард ОХУ, БНХАУ-аас нийт 57 600 тонн АИ-92 бензин импортлох нь. Энэ нь манай улсын ердийн хэрэглээний 45 хоногийн нөөц юм байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал “БНХАУ, ОХУ-аас импортолж буй АИ-92 бензинийг төмөр замын хуваарьт оруулсан. Тооцооллын дагуу импортолж байгаа учраас хомсдол үүсэх шалтгаан байхгүй. Тиймээс шатахуун тасрах нь гэж болгоомжлон дараалалд зогсож цаг алдах хэрэггүй” гэв. Өдгөө үүсээд буй нөхцөлтэй уялдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хариуцлага хүлээн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Шатахууны хомсдол үүссэн мэдээлэлтэй холбоотойгоор хэрэглэгчээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол ирүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор дөрвөн ажлын хэсэг гарч, долоо хоногийн хугацаанд шатахууны худалдаа эрхлэгчид болон импортын мэдээ, нөөцийн хэмжээг шалгах гэнэ.