Сүхбаатарын талбайд энэ сарын 1-ний өдөр "No Double Standard" хөдөлгөөнийг зохион байгуулсан Эрдэнийн Одбаярыг 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан яллагдагч Э.Одбаярт цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр ирүүлсэн аж. Саналыг шүүх хүлээн авч өнөөдөр хянан хэлэлцжээ. Прокуророос яллагдагч Э.Одбаярт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг хянахад прокурорын санал үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн байна. Тухайлбал яллагдагч Э.Одбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй ...байх талаар үүрэг хүлээж...” 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа дахин хэрэгт холбогдсон болох нь хэрэгт авагдсан /2021 оны аравдугаар сарын 4-ний өдөр 210901282 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол/-оор тогтоогдсон буюу урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэж түүнийг 2021 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Ташрамд дурдахад, Э.Одбаяр 2020 оны зургаадугаар сарын 22-ны өдөр гадаадад байгаа монголчуудыг эх оронд нь авчрахыг шаардсан шаардлагынхаа хариуг МАН-ынхнаас шаардах үеэрээ Тусгаар тогтнолын ордон руу улаан будаг цацаж, танхайрч байсан. Түүний энэхүү үйлдлийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид таслан зогсоож, зөрчлийн хэрэг нээн шалгаж байсан юм.