Улсын төсвийн 2.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар ирэх жил бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр Сангийн яамныхан төлөвлөжээ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийг УИХ удахгүй хэлэлцэнэ. Засгийн газраас бодлогоо шингээн өргөн мэдүүлсэн төсвийг УИХ-ын гишүүд нэг их өөрчлөхгүй баталдаг “жамтай”. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр танахгүй болов уу гэж таамаглаж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийдэг. Сангийн яамныхан төсвийн төслийн танилцуулгад “Өмнөх онуудад эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах чиглэлийг баримталлаа. Ирэх жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс цахим систем, аргачлалын дагуу боловсруулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, бэлтгэл ажил бүрэн хангагдсан байдлыг харгалзан тусгав. Түүнчлэн үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжилт хийлээ” гэж тодотгожээ.
Энэ удаад зам, тээврийн салбарын шинэ хөрөнгө оруулалтыг 2021 оныхоос 7.1, барилгынхыг 3.7, эрчим хүчнийхийг 6.4 дахин их байхаар төлөвлөсөн. Зам, тээвэр, эрчим хүч, барилгын салбарын бүтээн байгуулалтад нийт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулах гэнэ. Ингэснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2022 онд 820 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх төсөөлөл гарсан байна. Дээрх салбарын хөрөнгө оруулалтыг нэмснээс хөгжлийн хөрөнгө оруулалтын шилжилт хийсэн гэж тодотгож буй. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал өмнөх жилүүдэд 1.2-1.6 их наяд төгрөгт хэлбэлздэг байв. Тэгвэл ирэх жил ойролцоогоор нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлжээ. Нэг талаар үүнийг нийгмийн болон эдийн засгийн дэд бүтцэд тулгамдсан асуудлыг далайцтайгаар шийдвэрлэх зоримог алхам гэж харж болно. Нийт 5.1 их наяд төгрөгийн санхүүжилттэй төсөл, арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэх юм байна. Үүнээс дээр дурдсанчлан 2.4 их наяд төгрөгийн санхүүжилтийг нь ирэх онд хийнэ. Ирэх онд хийх санхүүжилтийн 300 гаруй тэрбум нь концессын төлбөр байх аж.
Хэмжээг нь олон дахин нэмэгдүүлсэн хөрөнгө оруулалттай салбаруудад ямар бүтээн байгуулалт хийхийг нь эхлээд сонирхъё. Зам, тээврийн хөгжлийн сайд 379.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. Нийт 84 барилга байгууламж, 15 гүүр барих нь. Барилга байгууламжийн 48 нь хэрэгжүүлж буй, 36 нь шинээр эхлүүлэх бүтээн байгуулалт аж. Барилга байгууламжийн бүтээн байгуулалтад 338.2, гүүр барихад 24 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Барилга, хот байгуулалтын сайд ирэх онд 346.3 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ. Тус салбарт хэрэгжүүлж буй 80, шинээр эхлүүлэх 72 барилга байгууламжийг санхүүжүүлэх гэнэ. Үүнд нийт 263.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Эрчим хүчний сайд 119 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт хийх нь. Үүнээс 118 тэрбум төгрөгийн санхүүжилтээр өмнө нь хэрэгжүүлж эхэлсэн 17, шинэ 30 барилга байгууламж барина. Үндсэндээ эдийн засгийн хөгжилд түлхэц болох хатуу дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ийн нэмсэн хэрэг. Бодлогын хувьд зөв сонголт гэдэгтэй маргахгүй болов уу. Зам, тээвэр, барилга, эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, эдийн засгийн өндөр өсөлт бий болгох учиртай.
Нийгмийн зөөлөн дэд бүтэц гэгддэг боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт ч чамгүй хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд 489.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна. Үүнээс 411.7 тэрбум төгрөгөөр 361 барилга байгууламж барих нь. Үүний 130-ийг нь шинээр эхлүүлэх аж. Манай улс боловсролын салбартаа сүүлийн жилүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй. Үр дүнд нь хот суурин газруудад сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэж, боловсролын шинэ тохилог орчинд бүрдэнэ гэх хүлээлт үүссэн.
Эрүүл мэндийн сайд 125.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт 77 барилга байгууламж барих ажлыг ирэх онд 100.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Тэдгээрээс 45 барилга байгууламжийг бариад эхэлчихсэн аж. Соёлын сайд ирэх онд 148.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийт 107 тэрбум төгрөгийн санхүүжилтээр урлаг, соёлын 67 барилга байгууламж барих аж. Үүний 54-ийг нь хэрэгжүүлж байгаа гэнэ. Эндээс нийгмийн зөөлөн дэд бүтцийн бүтээн байгуулалт цөөнийг эхлүүлэх нь хэмээн дүгнэж болно. Эдгээр нь 100 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалттай төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх сайд нар юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнүүд нийт 1.36, Зам, тээврийн хөгжлийн сайдынх 1.27 их наяд төгрөгийн өртөгтэй аж. Үүнээс гадна Барилга, хот байгуулалтын сайдын хэрэгжүүлэх бүх төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтын нийт дүн 970.6, Соёлын сайдынх 521.6, Эрүүл мэндийн сайдынх 369.9, Эрчим хүчний сайдынх 303.5 тэрбум төгрөг болох аж. Мэдээжийн хэрэг эдгээрийг дараагийн жилүүдэд дамжуулан санхүүжүүлж дуусгана.
Уламжлал ёсоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хөрөнгө оруулах төсөл, арга хэмжээний дүн хамгийн бага байлаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Хэнтий аймгийн Бэрх тосгонд далд уурхайн музей байгуулахад 1.3, бас бус зүйл нэмэгдээд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Улсын төсвийн 26 хувийг бүрдүүлдэг салбарын бодлогыг тодорхойлогч ийм бага санхүүжилт хийдэг. Энэ нь уул уурхайн салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татдаг системтэй холбоотой юм. Хөгжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь ирэх оны төсвийн зарлагыг тэлжээ.