Иргэд хэнэггүй, хайхрамжгүйгээсээ болж осолд өртөн эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж байна. Тухайлбал, өнгөрсөн даваа гарагт Булган аймгийн Сэлэнгэ сумын нутаг, Цагаан тохой гэх газарт “Т-82” загварын трактор Сэлэнгэ мөрөнд унаж жолооч нь живжээ. Талийгаач Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат байсан бөгөөд замаас гарч, газрын баримжаа алдан ийм нөхцөл байдалд оржээ. Мөн согтуудаа зочид буудлын цонхоор унаж нас барсан хэрэг гарав. Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дахь “Жаргал” зочид буудлын гуравдугаар давхрын цонхоор мягмар гаргийн 01.10 цагийн үед О гэх эр согтуудаа зүүгдэж байгаад унаж амиа алджээ. Цонхноос зүүгдэж байгаад унасан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн бөгөөд гаднын ямар нэг нөлөө байгаагүй хэмээн урьдчилсан байдлаар үзэж буй юм билээ. Түүнчлэн “Багануур” ХК-иас нүүрс ачихаар дугаарлаж байсан, Налайх дүүрэгт оршин суудаг хүн машиныхаа гадна ямар нэг гэмтэл шархгүй, гэнэт нас барсныг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа