Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн, Эрүүл мэндийн даатгалын болон холбогдох бусад хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, эл салбарын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн гишүүд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллажээ. Эдгээр хуулийн хэрэгжилт дунд, доод шатанд хангалтгүй байгаа гэж ажлын хэсгийнхэн үзэж буй аж.
Компьютер, программ нь хоцрогдсон, технологийн шинэчлэл эрүүл мэндийн салбарт тааруу байгааг тэд энэ үеэр сануулаад, үүнийг шийдэхэд удирдлагын оновчтой менежмент хэрэгтэйг хэлж байлаа. Тухайлбал, ажлын хэсгийн гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн үйлчилгээний программ хангамжийг шинэчлэх төсөл жил гаруйн хугацаанд гацсан ч энэ жилээс ажиллаж эхэлснийг онцлоод, өөр хоорондоо уялдаатай ажиллахыг онцолсон. Гишүүн Ц.Сандаг-Очир “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2500 гаруй гэрээт байгууллагад гүйцэтгэлээр нь санхүүжилтийг шилжүүлдэг болсон. Гэтэл зарим аймаг, сумын эрүүл мэндийн төв үүнийгээ авч чадахгүй байна. Программын хоцрогдол, техник, технологийн байдлаас болж өвчтөний мэдээлэл давхардах, зөрөх зэрэг алдаа гарч байна” гээд техникийн шинэчлэлээс гадна боловсон хүчний хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгтэйг тэмдэглэв.
Бэлтгэсэн Б.Уран