Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь удаагийн баяр өчигдөр тохиов. Цар тахлын улмаас энэ өдрийг хаана ч өргөн тэмдэглээгүй байна. Цахим орчинд сурган хүмүүжүүлэгч нартаа мэндчилгээ дэвшүүлэх байдлаар баярлацгаав. БШУЯ-ныхан энэ өдөр сайд, дэд сайд болон мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэйгээр нийслэлийн захын дүүргүүдийн сургууль, цэцэрлэгээр орж, багш нарынхаа төлөөлөлд баяр хүргэж, цэцгийн баглаа барьсан нь гэнэтийн бэлэг болжээ. Мөн тус яамнаас улсынхаа 30 гаруй мянган ахмад багшийн дундаас “Бүтээлч багш” тодруулан урамшуулсан аж. Шалгаруулалтад Дорноговь аймгийн МСҮТ-ийн багш С.Нарантуяа тэргүүлж, Баянхонгор аймгийн ахмадын хорооны дарга Ж.Энхбаяр, Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн Ж.Жаргалсайхан, Хан-Уул дүүргийн Д.Адъяажав нар удаалжээ. Дорнодын Б.Мөнхцэцэг, Өвөрхангайн С.Энхээ, Чингэлтэй дүүргийн Г.Батбаяр нар гутгаар байр эзэлсэн байна. Тусгай байрт Баянгол дүүргийн Л.Эрдэнэчимэг, Багануурын Д.Оюундолгор нар тус тус шалгарсан аж.
Бэлтгэсэн Р.Жаргал