Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд өнгөрсөн гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуус Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням хэмээх залуу. Түүнд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар уг олдворыг өгсөн бөгөөд “Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз хэмээн надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн гэдэг. Түүгээр ч зогсохгүй Д.Эрдэнэбаатар хүүдээ Монгол Улсаас малтан шинжилсэн археологийн олдвор гэдгийг тайлбарласан батламж хийж өгсөн нь шалгалтаар тогтоогдсоныг эх сурвалжууд мэдээлж байна.
М.Адъяанямтай хамт саатуулагдсан А.Дэлгэрням нь “Хос билиг” хамгаалалтын албаны дарга, Б.Баярцэнгэл нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан залуу юм.
Тэдний худалдах гэж байсан, Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй биет өв болохыг баталсан ч БШУЯ, ШУА-ийн холбогдох хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагынхан багтсан мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа аж. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар хэдийгээр соёлын өвийг хадгалж, хамгаалъя хэмээн ярьж, Ноён уулыг тусгай хамгаалалтад авахад хувь нэмрээ оруулсан боловч дагавар хүүхдээрээ дамжуулан соёлын өвийн эд өлгийн зүйлсийг гадаадын иргэдэд худалдан борлуулахыг завдсан нь хачирхалтай. Юутай ч түүнийг эл хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол прокурорын байгууллагаас баталсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм.
Манай улсын эртний үнэт өвийг албан тушаалтнууд, түүх соёлоо мэддэг хүмүүс нь гадаад улсад дамлан зардаг, жинхэнэ бүтээлийг хуурамч, дуураймлаар сольдог бүлэглэлүүд хэдийн бий болсон. Тиймээс Соёлын яам, хууль хяналтын байгууллагууд нь соёлын өвийн эрдэмтэн судлаач, байгууллагуудад анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Юутай ч ЦЕГ-т соёлын өв хариуцсан нэгж байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн нь нүдээ олсон ажил. Харин энэ нэгждээ түүх соёл, ирээдүй хойчоо бодсон, мэргэшсэн чадварлаг алба хаагчдыг ажиллуулж, эртний эдлэл, археологи, палеонтологийн олдвор хил дамнуулан борлуулагчидтай тэмцвэл үр дүнд хүрэх биз ээ.
Бэлтгэсэн Г.Равжаа