Оймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллар хийж буй бичлэг нь олны анхааралд өртөж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг эргэж харахад хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлээд буй. Ингэхдээ МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяад холбогдох үйлдлийг нь шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр болсон. Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өдий болтол хэлэлцсэнгүй. Цар тахлаар далимдуулан Э.Аззаяагийн гэм бурууд тохирсон ял ногдуулахгүй байна. Уг нь тус шүүхээс өмнө нь Э.Аззаяад 40 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Торгох ял хөнгөдсөн гэж дүгнэн НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Улмаар Э.Аззаяад холбогдох үйлдлийг нь тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсныг Дээд шүүх хэвээр нь баталсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард ийнхүү шийдвэрлэснээс хойш Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Аззаяад холбогдох үйлдлийг хамгийн сүүлд есдүгээр сарын 24-нд хэлэлцэхээр товлоод цар тахлаас шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаас хойш сураг алдрав.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан болон Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Ш.Тэгвандан, Д.Төмөрбаатар нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны есдүгээр сард дахин хэлэлцээд тэднийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хясан боогдуулах замаар, бүлэглэн хахууль авсан гэм буруутайд тооцсон. “Улаанбаатар мах экспо” ХХК-ийн ерөнхий менежер Д.Төмөрбаатарыг Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт 64 удаагийн үйлдлээр 337.5 сая төгрөгийн хахууль өгсөн буруутай гэж үзсэн. Улмаар Н.Баярсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, хоёр жил, найман сар хорих ял оноосон. Г.Элдэв-Очирт нийтийн албан тушаал хаших эрхийг дээрх хэмжээгээр хасаж, 13 сая, С.Бүрэнтөгсөд төрийн байгууллагад томилогдох эрхийг мөн хугацаагаар хасаж, 15 сая, Ш.Тэгванданд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасан, 2.7 сая, Д.Төмөрбаатарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, есөн сая төгрөгөөр торгох ял шийтгэж, эд мөрийн баримтаар хураасан 831.5 сая гаруй төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр болсон билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа