Сонгинохайрхан дүүргийн иргэн, зөвлөх агрономич, мод үржүүлэг, хүнсний ногоо тарих чиглэлээр 40 орчим жил ажиллаж буй Ж.Бяцхандай цахим хуудсандаа “Агрономич мэргэжлээр суралцаж эхлэх, эсвэл хоёрдугаар дамжааны нэг оюутанд сургалтын төлбөр, дотуур байрны зардал өгнө. Хүнсний ногоо, мод үржүүлгийн талбайдаа дагалдуулан ажиллуулна” гэсэн зарыг өнгөрсөн наймдугаар сарын 20-нд байршуулан, цахим орчны цөөнгүй найз нь түгээсэн боловч хэн ч хандаагүй аж. Ж.Бяцхандай “Мод үржүүлэг, хүнсний ногоо тариалалтаар мэргэшсэн хүн цөөрсөн. Дээхнэ үед мэргэжил эзэмшсэн, сангийн аж ахуйд ажилласан миний үеийнхэн л өдгөө энд, тэнд зөвлөөд явж буй. Тиймээс ядаж нэг хүүхэд бэлтгэе, суралцах хугацаанд нь ажилдаа ч туслуулж, зүгшрүүлье гэж бодсон ч талаар болов. Хүнээс тэтгэлэг аваад зарагдах нь гэж бодсон уу, залуусын идэвх сул байна” гэв.
Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ш.Шинэбаяр “Агрономич, технологич ажиллуулдаг компанийн тариан талбай андашгүй. Тухайлбал, манай холбооныхон Дорнод, Хэнтийд ажиллаад саяхан ирлээ. Тус хоёр аймгийн нөхцөл илт өөр байна. 20 000 га газарт тариалалт хийсэн Дорнодод 12 агрономич ажилладаг гэнэ. Хөрснийх нь өнгө төрх болон шимт байдал, улаан буудай, төмс, хүнсний ногооны болц харьцангуй сайн юм. Ургацынх нь хэмжээ ч их байх болов уу. Харин Хэнтийд 17 000 га-д тариалалт хийсэн атал агрономич байгаа, үгүйтэй гэнэ. Аж ахуйн нэгжүүд нь орон тооны хүнгүй, өөрсдийн туршлагаар л ажлаа явуулдаг бололтой. Хэнтийд элэгдэж, сүйдсэн газар ихсэн, хөрснийх нь өгөөж буурсан учраас ургац бага авах төлөв анзаарагдсан” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн Төв аймгийн Угтаалцайдам сумын Хөдөө аж ахуйн тасгийн ажилтан, агрономич Д.Долгормаа “Би газар тариалангийн салбарт 40 орчим жил ажилласан. Сум бүрт агрономич, малзүйч болон жижиг, дунд үйлдвэрийн хөгжил хариуцсан нэг ажилтан бүхий Хөдөө аж ахуйн тасаг байгуулсантай холбоотойгоор мэргэжилтэн олдохгүй, тэтгэвэрт гарах хугацаа болсон би ажилласаар байна. Газар тариалангийн салбарт мэргэшсэн ажилчин, мэргэжилтэн аль аль нь дутмаг. Манай сумын хувьд гэхэд цөөнгүй аж ахуйн нэгжид 50-иас дээш насныхан л ажил хийдэг. Залуус ирдэггүй нь бас арга ч үгүй юм байна. Малзүйч, агрономичийн нэг сарын цалин 500 000 төгрөг. Үүнээс татвар, шимтгэл төлнө, орон байр олгохгүй, хөдөөгүүр явах их ажилтай зэргээс харахад хэн сум руу ирэх вэ” гэлээ.
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд 200-300 га талбайд рапс тариалаад зургаан жил болж буй нэгэн компанийн захирал “Газар тариалангийн бизнес ашигтай, өгөөжтэй гэж ойлгон, БНСУ, Японд ажиллахдаа хуримтлуулсан мөнгөө найзуудын хөрөнгө оруулалттай нийлүүлэн компани байгуулсан. Агрономич болон үр тарианы технологиор мэргэшсэн хүмүүсийг тогтмол цалинжуулан ажиллуулдаггүй. Тийм мэргэжилтнүүд ч олддоггүй юм билээ. Газар тариалангийн зөвлөх үйлчилгээний компанид төлөх зардал их байдгаас үр суулгах үед, эсвэл шаардлагатай тохиолдолд мэргэжлийн хүний зөвлөгөө авдаг. Компани байгуулагчид бид голлон ажилладаг учраас мэргэжилтнүүдээс дутуугүй мэдлэгтэй болсон” гэв.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүч цөөрсөн, мэргэшсэн ажилчин, энэ чиглэлээр их, дээд сургууль төгсөгчид ховордсон, зарим аж ахуйн нэгжид агрономич байхгүй, өөрсдийн туршлагаар ажиллаж буй тухай жишээ олон байна. Малзүйч, агрономич, малын эмч, мод үржүүлгийн чиглэлээр төгсөгчдийн ажлын орчин нөхцөл хүнд, цалин бага зэргийг нь тоочвол дээр дурдсанаас ч олон жишээ бий.
Манай улсыг 70 гаруй сая мал адгуулдаг, атар газар эзэмшээд нэгэн жаран өнгөрч буй хөдөө аж ахуйн орон гэхэд болно. Цаашилбал улаан буудай, төмс экспортлогч болох, хүнсний болон нарийн ногооны импортыг халах зорилготой. Тиймээс ч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлэх, газар тариалангийн салбарын өгөөжийг нэмэгдүүлж, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор нийслэлийн зургаан дүүрэг, аймаг, сум бүрт Хөдөө аж ахуйн тасаг үүсгэн байгуулсан. Тасаг бүрт агрономич, малзүйч, хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр ажиллах нийт гурван хүний орон тоо гаргасан юм. Тэгвэл одоогийн байдлаар 330 сумын 125-д нь малзүйч байхгүй, 115 нь агрономичгүй, 69 нь хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг хариуцах ажилтангүй буюу нийт 309 мэргэжилтэн дутагдалтай байгааг ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн дурдлаа. Тэрбээр “Эл ажлын байрууд нь төрийн захиргааны гуравдугаар зэрэглэлд тооцогдон, сард дунджаар 450 000 орчим төгрөгөөс татвар, шимтгэлээ хассан дүнгийн цалин авдаг. Малзүйч бол лабараторид элдэв бодис, урвалжтай харьцан ажилладаг. Тиймээс бид төрийн албан хаагчийнх нь зэрэглэлийг өсгөн, цалинг нэмэгдүүлэх, малзүйчийн ажлын байрыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцуулахаар холбогдох байгууллагуудад хүсэлт тавьсан. Наанадаж цалин хөлсийг нь нэмж байж орон нутагт ажиллах хүн олдоно, одоогоор хүн хүч дутмаг байна” гэв.
Тэгвэл ХААИС-ийг сүүлийн таван жилд, жилд дунджаар 1500 оюутан төгссөн юм байна. Энэ нь өмнөх таван жилийнхтэйгээ ойролцоо дүн бөгөөд хөдөө, аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдийг ч олон жилийн дундаж түвшинд бэлтгэн төгсгөжээ. Харин төгсөгчид нь орон нутагт ажиллах сонирхолгүй байдгаас малзүйч, малын эмч, агрономичоор ажиллах хүнгүй болсныг дээрх сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Чанцалдулам хэлж байна. 2020 онд малын эмч мэргэжлээр 136 оюутан, сүүлийн таван жилд нийт 500 гаруй хүн төгссөн ч улсын хэмжээнд 1000 гаруй малзүйч, малын эмч хэрэгтэй хэвээр байгаа. Засгийн газраас Монгол Улсын тэргүүлэх чиглэлээр зарласан 37 хөтөлбөр, мэргэжлийн 12-ыг нь ХААИС-д сурч болох гэнэ. Харин уг чиглэлээр суралцаж буй оюутнуудыг орон нутагт ажиллах хөшүүрэг бий болгох хэрэгтэй юм. Тухайлбал, сургалтын төлбөрийг нь төрөөс хариуцан, энэ тохиолдолд тухайн төгсөгч орон нутагтаа ажиллах гэрээ байгуулбал зохих аж. Мөн сумдад очиж буй залуусыг орон байраар хангаж, гэр бүлийн хүнийг нь ч ажилтай байлгах бодлого хэрэгжүүлбэл боловсон хүчний дутагдал үүсэхгүй байх магадлалтайг Р.Чанцалдулам хэлсэн. Эндээс харахад ХААИС-д элсэгч, төгсөгчийн тоо цөөдөөгүй ч аж ахуйн нэгж, төрийн албанд ч мэргэшсэн хүмүүс шаардлагатай хэвээр байна. Ажиллах нөхцөл муу, цалин бага учраас хөдөө аж ахуйн салбар хүний нөөцийн хомсдолд орчихоод байна.