УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээс тавьсан Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариулт мэдээллийг сонсож хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгээ гаргасан дээрх асуулгад хариулт өгөх хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гурван чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллийг хүргэлээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явцын хувьд технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж байна. “Технологийн бус барилга байгууламж” ажлын хүрээнд үйлдвэрийн усан хангамжийн байгууламжууд, оффис, гал команд, хоолны газар, лаборатори, агуулах, засварын цех, анхны тусламжийн барилгууд, үйлдвэрийн талбайд зам, сувагчлал, үерийн ус зайлуулах систем зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтын бэлтгэл ажлыг 2021 оны 1 дүгээр сараас хангаж, газар шорооны ажил бүрэн дуусаж, суурийн хэв цутгамал, арматурчлалын ажил, ус дамжуулах хоолой, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугамын газар шорооны ажлууд үргэлжилж байгааг Шадар сайд дурдав. Үйлдвэрийн иргэний барилга байгууламжууд болох угтах байр-1,2, лаборатори, анхны тусламжийн төв, хоолны газар, оффис, сургалтын төв, агуулах, засварын цех, гал унтраах ангийн барилгын зураг төслийн ажил нь 86 хувийн гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил хянагдсан зураг төслийн дагуу 20 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд бүтээцийн ажлууд явагдаж байна.
Үйлдвэрийн технологийн усыг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсний дагуу 11 худаг, 100м3-ын ус цуглуулагч сав, ус дамжуулах 88 км урттай хоолой, өргөх насос станцын ажил 17 хувийн гүйцэтгэлтэй, үйлдвэрийн талбайд байрлах 30000м3 багтаамжтай усан сангийн барилгын ажил 20 хувийн гүйцэтгэлтэй хийгдээд байгаа аж. Үйлдвэрийн зам талбайн үерийн ус зайлуулах суваг шуудуу болон цуглуулах савны газар шороо, сувагчлалын суурь бетоны ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Төслийн талбайд 2021.07.30-ны өдрийн байдлаар төслийн менежментийн зөвлөх компанийн 5, “JMC Projects India” компанийн 121 энэтхэг, дотоодын туслан гүйцэтгэгч 8 компанийн нийт 280 монгол ажилчин ажиллаж байгаа талаар Шадар сайд танилцууллаа. Мөн “Үйлдвэрийн цахилгаан станц” ажлын багцын хүрээнд 35 МВт хүчин чадалтай 2 ширхэг уурын генератор, 17,5 МВт-ын 2 ширхэг уурын турбин бүхий шингэн түлшээр ажиллах цахилгаан станцыг барьж байгуулах юм. Ажлын ерөнхий гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны тавдугаар сард зарласан бөгөөд энэ оны есдүгээр сард багтаан хүлээн авахаар төлөвлөжээ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэг хэсэг болох үйлдвэрийн ажилчдын 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 90 хувьтай үргэлжилж байгаа.
Ковид-19 цар тахлаас үүдсэн хөл хорио нь бүтээн байгуулалтын ажилд сөргөөр нөлөөлж, техник тоног төхөөрөмжийн татан авалт саатах, удаашрах байдлыг үүсгэж байгаа хэдий ч урин дулааны улирлыг бүрэн ашиглаж, үйлдвэрийн болон хотхоны бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллан, төлөвлөсөн хугацаа болох 2025 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа талаарх мэдээллийг Шадар сайд мэдээлэлдээ дурдав.Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах Дорнод аймгийн Матад сумаас, Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн байршил хүртэлх 560 орчим километр түүхий тос дамжуулах хоолой байгуулах төслийн ажлыг эхлүүлжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 1.5 сая тонн түүхий тосыг боловсруулж, таван төрлийн 1.33 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах аж. Нийт бүтээгдэхүүний 60 хувь нь дизель түлш, үлдсэн нь АИ-95 автобензин, шингэрүүлсэн шатдаг хий, онгоцны түлш байх төлөвлөлттэй ажээ. Дотоодын дизель түлш болон автобензины 80 хувийн хэрэглээг хангахаар тооцсон гэв. Нэгж бүтээгдэхүүний өртөг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс 25 орчим хувиар хямд байх тооцоолол байгаа талаар “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Ийнхүү байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаарх асуулгын хариутай холбогдуулан байнгын хорооны гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ.