Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрсаг харилцаа, дайчин нөхөрлөл, цэргийн хамтын ажиллагаанд томоохон байр суурийг эзэлдэг “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн сургуулийг 2021 оны есдүгээр сарын 20-ны өдрөөс манай улсын нутаг дэвсгэрт зохион байгуулж, өнөөдөр амжилттай өндөрлөж байна. Сургуулийг “Терроризмын эсрэг хамтарсан операцыг зохион байгуулах” сэдвийн дор 14 хоногийн хугацаанд явуулсан ба Монгол Улс, Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний 1200 гаруй цэргийн алба хаагч, 200 орчим байлдааны зэвсэг, техник оролцсон юм. Хоёр орны хамтарсан энэхүү хээрийн сургууль нь Монгол Улсад Ардын хувьсгал ялсны түүхт 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлогтой байлаа. Сургуулийн удирдагчаар Монголын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ОХУ-ын талаас Дорнодын цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал И.Б.Тимофеев нар үүрэг гүйцэтгэж, сургуулийн зорилгыг бүрэн хангаад байна. Энэхүү сургуулийг жил бүр зохион байгуулснаар хоёр улсын найрсаг харилцааг бататган бэхжүүлэх, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, бэлэн байдлын түвшнийг сайжруулах, харилцан туршлага солилцох, сургуульд оролцож буй бие бүрэлдэхүүний ёс суртахуун, сэтгэлзүй, бие бялдрын бэлтгэлжилтийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.