Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай сум. Мөн Хилийн цэргийн ангитай, БНХАУ-тай хил залгаа гээд онцлог давуу тал их бий. Тэгвэл Мобиком корпорацын 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэцагаан-Бичигтийн боомт хүртэлх 75 км газар шилэн кабель оруулахаар болж, угсралтын ажлыг эхлүүлжээ. Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Мобикомын ерөнхий захирал Тацүяа Хамада болон бусад албаны хүмүүс ажлын явцтай газар дээр нь танилцлаа. Энэ ажлын хүрээнд аймаг, сумдын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дэмжлэгтэйгээр тус ангийн хилийн 0106, 0328 дугаар салбар, ангийн төв, "Хилчин хотхон"-ыг шилэн кабельд холбох үүрэн холбооны сүлжээний өргөтгөл хийж, хилийн 0106 дугаар салбарын "Дөрвөлж" толгой дээр цацагч антень байрлуулах ажлыг давхар хийж гүйцэтгэх юм. Ингэснээр мэдээлэл технологийн дэвшлийг хилчид, алба хаагчид алба, ахуй амьдралдаа үр дүнтэйгээр ашиглах боломж бүрдэж байна.