Аялал жуулчлалын салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Ай Ти Эм Монголиа” олон улсын үзэсгэлэн, яармаг энэ сарын 28-30-нд “Мишээл экспо”-д болох нь. 22 дахь удаагийн арга хэмжээний зохион байгуулалтыг БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо хариуцах бол түншээр Хэнтий аймгийг сонгожээ. Коронавирусээс үүдэлтэй цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан улс орнууд хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарах болсон. Тодруулбал, эл салбарын үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч буй. Энэ удаагийн үзэсгэлэн, яармагийг ч ийм уриан доор тэмдэглэх юм байна. “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг аялал жуулчлалаар дамжуулан хэрхэн хангах, бүтээгдэхүүн, үйлчилгээний сүлжээг өргөтгөх арга зам эрэлхийлж, бизнес эрхлэгчдэд олон талын боломж нээх нь тус үзэсгэлэнгийн гол зорилго” гэж зохион байгуулагчид онцлов. Үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг өчигдрөөс бүртгэж эхэллээ.