Хайр сэтгэлтэй ч нийгмийн байдал, гарал үүсэл, бусад шалтгаанаар хамтдаа байх боломжгүй хувь тавилан энэ хорвоогийн хэчнээн хосод учирсныг таашгүй. Тэдний төлөөлөл болох хосын талаар Уильям Шекспир “Ромео, Жульетта хоёр” бүтээлдээ өгүүлсэн байдаг. Тэд амиа золиод ч ха маагүй хамтдаа байх замыг сонгосон. Тэгвэл тэднээс ялгаагүй сонголт хийж, Гибсоны цөлийг хамтдаа туулж, үхэл, амьдралын заагт очсон, “Австралийн Ромео, Жульетта” хэмээн алдаршсан нэгэн хосын бодит түүхийг өгүүлье.
Англичууд 1788 онд Австралид колоничлолоо тогтоож, тус тивийн уугуул аборигенчуудыг устгаж, газар нутгийг нь эзлэн авсан түүхтэй. Тэр үед Тасман арал дээр амьдарч байсан бүх хүнийг хоморголон устга сан гэдэг. Гадаадын хүмүүс нутагт нь хөл тавиагүй байхад 700 мянгаар тоологдож байсан Австралийн уугуул иргэд энэ мэт шалтгаанаар хорогдсоор 1920-иод он гэхэд 30 мянга хүрэхгүй шахам болсон талаарх баримт бий. Уугуул олон овгийнхноос хамгийн их хохирол амссан нь мандилжарчууд аж. Австралийн “Ромео, Жульетта” нар ч энэ овгийнх. Австралийн баруун хэсэгт орших Гибсон цөлийн бүсэд нутагладаг мандилжарчууд өөрсдийгөө марду гэдэг байжээ. Сонирхуулахад, тус газрыг Английн судлаач Альфред Гибсоны нэрээр нэрлэсэн бөгөөд тэрбээр цөлд усны ундарга хайхаар багийнхныхаа хамт 1876 онд эл тивд анх очжээ.
ХОРИОТОЙ ХАЙР
Онилсноо алдахгүй харвадаг анчин залуу Варри нэгэн бүсгүйд сэтгэл алдарсан нь Ятунгка байв. Тэд 1930-аад оны дундуур танилцан, үерхжээ. Ингэхдээ харилцаагаа бусдаас нуусан байна. Мардучууд өвөг дээдсийнхээ уламжлалыг хатуу баримталдаг байсан бөгөөд үүний дагуу шинэ мэндэлсэн хүүхдүүдийг эцэг, эхийнх нь удам судраас шалтгаалан дөрвөн бүлэгт хамруулдаг байв. Гэрлэлтэд бүлэг онцгой хамаатай буюу эцэг, эх нь шууд хамааралгүй бүлгийнхнийг гэр бүл болохыг зөвшөөрдөг. Гэтэл Варри, Ятунгка нарын ээжүүд нэг бүлгийнх. Гэхдээ цусан холбоогүй. Хэдийгээр тийм ч уламжлал ёсоор бол хуримлахыг хориглоно. Тэр ч бүү хэл, үерхэж болохгүй. Хэрэв тэгсэн тохиолдолд овгийн настнуудын зөвлөлөөр хэлэлцээд дурлалт хоёрыг хүчээр салгаж, “зөв” хостой нь гэрлүүлдэг байжээ. Ийм хатуу дэг жаягийг Варри сөрөв. Уламжлалыг эсэргүүцсэн тохиолдолд эрэгтэйд нь хариуцлага тооцож, амийг нь хүртэл өршөөдөггүйг мэддэг ч анчин залуу хайр сэтгэлийнхээ төлөө бууж өгөхийг хүссэнгүй. Настнууд тэдний талаар хэлэлцээд уламжлалаа баримтлан, Варри, Ятунгка нарт тохирох хосыг нь сонгож, даруй хурим хийлгэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай нууцаар олж мэдсэн дурлалт хос овгийнхныг унтсан хойгуур оргож, аль болох бартаат зам сонгон Гибсоны цөлийг зорьжээ.
НЭХЭН ХӨӨСӨН НЬ
Овгийн настнууд өглөө эртлэн Варри, Ятунгка нарт шийдвэрээ дуулгахаар цуглав. Гэтэл тэд гэртээ байсангүй, ойр хавиас ч олд сонгүй. Уламжлалыг зөрчсөн тохиолдолд өвөг дээдсээсээ урвасанд тооцно. Ийм үйлдлийнх нь төлөө элэнц өвгөдийн сүнснүүд овгийнхныг нийтээр нь гэсгээнэ гэж итгэдэг аж. Тиймээс нэг бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хайр сэтгэлээр холбогдохоос зайлсхийнэ. Гэтэл “том толгойтой” хоёр залуу өвгөдийн сүнсийг хилэгнүүлэх нүгэл хийжээ. Тэднийг нэхүүлэхээр Мужон хэмээх анчин залууг сонголоо. Овгийн шилдэг мөрч тэрбээр Варритай сайн харил цаатай, багын найз нь. Тэд анд ганзага нийлдэг байж. Энэ түүхийн талаар Уильям Писли “The last of the nomads” номдоо “Мужоноос өөр сонгочих хүн олоогүй юу, эсвэл зориуд түүнд ийм даалгавар өгсөн үү, ямартай ч өвгөдийн хүслийг гүйцэлдүүлэхээр мань эр оргодлуудын араас нэхлээ” хэмээн бичжээ.
Мужон замд гараад удалгүй нөгөөх хоёрын мөрийг олсон ч эхэндээ гүй цэж чадаагүй аж. Энэ хооронд Варри, Ятунгка нар төрөлх нутгийнхаа хилийг давж, зэргэлдээх бутижар овгийнхны эзэмшилд нэвтэрсэн байлаа. Сэтгэл нь бага зэрэг амарсан тэд ус уухаар ундаргатай газарт хүрчээ. Тэндээс бутижарчууд усаа ав даг тул хүний бараагүй үед очив. Тэднийг Мужон хадны завсраар харж байлаа. Үргээхгүйн тулд сэмхэн гэтэж байтал хаа нэгтэйгээс гэнэтхэн бутижарын анчид гараад ирэв. Мужон энэ тухай хожим “Би тэр үед маш их айсан. Варри тай яаж учраа олох вэ гэж байтал гэнэт гарч ирсэн хөршийнхнөөс мултрах хэрэг гарсан. Тэнд зөрчилдөөн үүсэхээс болгоомжилсон. Гэсэн ч овгийн настнуудын даалгавраас ухарч болохгүй байлаа” хэмээн дурсжээ.
ХЭЛЭЛЦЭЭР
Мужон нуугдаж байсан газраасаа гарч Варри, Ятунгка нарыг өөртэй нь хамт явуулахыг бутижарын анчдаас хүсжээ. Тэрбээр учир байдлаа тайлбарлан, өвөг дээдсийнхээ сүнсийг хилэгнүүлэхийг хүсэхгүй байгаа талаараа учирлав. Гэтэл хөршүүд нь жад нүүлгэн түүнд хариу барьж, хайр тай хосыг өмгөөлжээ. Мужон бууж өгсөнгүй хариуд хэдэнтээ жадаа шийдээд Варри, Ятунгка нарыг явуулахыг шаардлаа. Варри багын найздаа гомдож, “Бид чамтай хамт буцахгүй. Хайртай бүсгүйгээсээ салснаас төрсөн нутагтаа хэзээ ч хөл тавихгүй байсан нь дээр” гэжээ. Ингэж бүрий болтол “хэлэлцээд” амжилт эс олсон Мужон шөнө дугхийчихжээ. Үүр хаяарахад сэрсэн тэрбээр оргосон хүмүүсийг ч, бутижар анчдыг ч олсонгүй. Тэдэнтэй хөөцөлдөх нь утгагүй болохыг ойлгож, нөгөөтээгүүр, зэргэлдээх овгийнхонтойгоо муудалцах нь сайн явдал бишийг мэдэх тул буцахаас өөр замгүй болсон Мужон найзынхаа хайр сэтгэлийг бас хүндлэхийг хүсжээ.
ТЭНГЭРИЙН ДООР ХОЁУЛХНАА
Бутижарын анчид дурлалт хосыг үлдээгээд явжээ. Усны эх үүсвэртэй газруудад хүрдэг тусгай зам дагуу айх аюулгүй явах Варри, Ятунгка нарыг динго ноход дагах болов. Гэхдээ анчин залуу тэр зэргийн саадыг зайлуулж, нохдыг үргээх аргаа сайн мэдэж байлаа. Цөлд хэцүү, хол зам туулсаар нэгэн сайхан газарт идээшин, суурьшсан хос жилийн дараа гэ хэд анхны хүүхдээ өлгийджээ. Төдөлгүй удаах хүүгээ төрүүлсэн ч нярай нь хүн болоогүй аж. Ятунгка гурав дахиа төрж, охинтой болов. Тэд хүүхдүүддээ овгийнхноосоо тэс өөр Жеффри, Руми гэсэн нэр өгчээ. Варри хүү, охиноо цөлд хэрхэн амьдрах ухаанд сургав. Энэ гэр бүлийнхэн амаргүй амьдрал туулсан байна. Тэдний тухай “Элс дээрх мөр” баримтат киноны найруулагч Глен Стасюк “Варригийнхны туулсан амьдралыг хотын хүмүүс давж гарахад үнэхээр бэрх” гэж өгүүлсэн байдаг. Гэхдээ л цөлд өн гөрүүлсэн он жилүүд нь тэдний хувьд хам гийн аз жаргалтай дурсамжаар дүүрэн аж.
АЛДАГДСАН ДИВААЖИН
Олон жилийн турш төрөлх нутгаасаа хол амьдарсан Варри, Ятунгка нар марду овгийнхныхоо талаар үргэлж чих тавина. Сураг сонсох нь ээ, овгийнхноос нь цөөхөн хүн үлдсэн гэнэ. Сэтгэл нь зовсон тэд хүүхдүүдээ дагуулан төрсөн нутгаа бараадлаа. Явах замд нь үнэхээр л хүний мөр ховор таарч, худгуудаас ус авалгүй удсан нь илэрхий. Аборигенчууд амьдардаг орчноо үргэлж цэвэр байлгах нь байгаль эхээ, амьтан, ургамлыг хайрлаж байна гэж итгэдэг. Гэтэл нутаг нь ундуй сундуй харагдлаа. Диваажин гэж итгэдэг өлгий нутгийнх нь төрх өөрчлөгджээ. 1940-1960-аад оны үед мардучуудын олонх нь соёл иргэншилд татагдан нутгаа орхисон аж. Тэд жуулчдад эртний өвгөдийнхөө ёс заншлыг харуулсан жижиг үзүүлбэр, эд зүйл үзүүлэн хоолныхоо мөнгийг олдог байжээ. Австралийн эрх баригчдын “зэрлэгүүдийг” соёл иргэншилтэй болгох гэсэн бодлогын нөлөө ийм л үр дагаварт хүргэсэн байна.
Нэг удаа Варри, Ятунгкагийн хүү Жеффри оройн хоол хийхээр гал түлчихээд санамсаргүй дээшээ хартал жигтэйхэн том гал дээр нь ассанаа, их дуу гарган дэргэд нь унав. Тэр бол соёлт хүмүүсийн буудуулсан галт бөмбөг байлаа. Тэднийхээс холгүй газарт эрдэм шинжилгээний багийнхан буудалласан байж. Ингээд “зэрлэгүүдийг” эмнэлгийн үзлэгт орохыг санал болгожээ. Эцэг, эх нь хүү, охиндоо тэр үйлчилгээг нь үзэхийг зөвшөөрчээ. Хожим нь хүүхдүүд гэртээ буцаж ирээд соёлын талаар, өөрчлөлтийн тухай ярьж, тийм газарт амьдрахыг хүсэж байгаагаа ярьсан байна. Ингээд хүүхдүүд нь суурьшихыг хичээхийн тулд Мардугийн оршин суугчид амь дардаг Вилуна хотыг зорьж, Варри, Ятунгка нар төрөлх нутагтаа үлджээ.
Залуу насандаа өвөг дээдсийнхээ уламжлалыг зөрчин нутгаасаа оргосон хоёр хожим нь ёс заншлаа даган амьдрахаар зүтгэжээ. Тэр үед нь уламжлалыг нь өвлөх хүн нутагт нь үлдээгүй байлаа. Варри, Ятунгка нар мардучуудын сүүлчийн төлөөлөгч байв.
БУЦСАН НЬ
Австралийн “Ромео, Жульетта” нар 40 жилийн дараа 1970-аад оны дунд үе гэхэд нутагтаа харьсан аж. 1976 онд Уильям Писли тэдний талаар мэдэж, Гибсоны цөлийг судлаачидтай хамт зорьжээ. Нөгөөх галт бөмбөгийн эзэд нь тэд байв. Үнээс хэдэн жилийн дараа Уильям Писли судлаач Стэн Граттын хамт номынхоо гол баатруудыг зорин очжээ. “Варри, Ятунгка нар маш туранхай, эцэнхий харагдсан. Нөхрийнх нь хөл хүнд бэртсэн, анд явах ямар ч боломжгүй болсон байсан” гэж тэрбээр дурссан бөгөөд тэднийг аваад хүүгийнх нь байгаа хот руу явжээ. Тэнд гэр бүлийнхэн элэг бүтэн уулзаж, амьдралынхаа сүүлийн жилүүдийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Варри шинэ амьдралаа хэзээ ч хүлээн зөвшөөрч чадаагүй гэдэг. 1979 онд Варри өвчний улмаас 70 настайдаа хорвоог орхижээ. Түүнээс хойш Ятунгка хоол бараг идэхээ больж, хэдэн долоо хоногийн дараа нөхрийнхөө араас явжээ. Тэднийг төрөлх нутагт нь, өнөөх Мужоны хажууд оршуулсан байна. Уильям Писли 1983 онд энэ түүхийн талаарх номоо хэвлүүлж, тэр даруйдаа олон улсад бестселлер болсон аж. 1997 онд энэ түүхээр баримтат кино хийж, 2007 онд Варри, Ятунгкагийн шарилын хажууд хөшөө босгожээ.
Бэлтгэсэн Ж.Хаан