“Азтай савар амьтанд хайртай залуус”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” ТББ хамтран “Амьтад амьдрах эрхтэй” төсөл хэрэгжүүлж буй. Гэрийн тэжээвэр амьтдын эрхийг хамгаалах, амьтан тэжээдэг болон тэжээх сонирхолтой иргэдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн орчин бий болгоход хувь нэмрээ оруулах зорилготой эл төслийн хүрээнд “Амьтад амьдрах эрхтэй” эсээ бичлэг, гэрэл зургийн уралдаан зарласан юм. Ирүүлсэн бүтээлүүдийг дэлгэн танилцуулах өдөрлөгийг өнгөрсөн бямба гарагт зохион байгуулж, уралдааны шилдгүүдийг тодруулжээ. Гэрэл зургийн уралдааны дэд байрт “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Ц.Баярбаатарын “Хоригдох байр луу, дараа нь…” нэртэй, Монголд нохой устгал хэмээх харгислал явуулдгийг бодит баримтаар харуулсан бүтээл шалгарчээ. Уралдааны тэргүүн байрын эзэн Э.Тайчар “Зөвхөн хүн төрөлхтөн эрүүл, аюулгүй амьдрахын тулд бусад амьтны эрхийг хасаж байна” зургаараа бидэнтэй зэрэгцэн оршдог амьтдын эрхийг хамгаалахыг уриалсан байна. Гуравдугаар байрт А.Баттулгын “Хотын ноход” бүтээл шалгарав. Эсээ бичлэгийн уралдаанд Д.Мөнх-Эрдэнэ, Б.Дэлгэрцэцэг, Ө.Ариундарь нарын “Rest well doggo”, “Жорлонгийн дэргэдэх уяатай амьдрал, “Түүнтэй анх учирсан мөчийг би тодхон санадаг” бүтээлийг тодруулсан байна.
“Азтай савар амьтанд хайртай залуус”-ын мэдээлснээр хүмүүст аюулгүй, гэрийн тэжээвэр амьтанд ээлтэй, энэрэнгүй нийгмийг бий болгох нь уг төслийн гол агуулга гэнэ. Өнөөдрийн байдлаар хэн дуртай нь нохой, муур тэжээхээр авчихаад, эсвэл хүүхдийнхээ хүслийг биелүүлж амьтан бэлэглэчихээд хэсэг хугацааны дараа “Гэр бохирдуулдаг, өмхий үнэртэй, болохгүй, бүтэхгүй байна” гэхчлэн төвөгшөөж гаргаад хаячихдаг явдал түгээмэл байгаа. Амьтан тэжээнэ гэдэг нь асар их хариуцлага. Гэтэл үүрэг, хариуцлагын талаар огт бодохгүй, сэтгэл хөдлөлөөр энэ асуудалд хандсанаар эзэндээ хаягдсан, гологдсон амьтан манайд өчнөөн. Тийм хариуцлагагүй хүмүүсийн балгаар “золбин” гэх тодотголтой амьтны тоо жилээс жилд өсөж байна. Мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр бол аливаа амьтныг тэжээхээр шийдсэн бол томчууд хүүхдүүддээ юуны түрүүнд “Хэзээ ч том болдоггүй, байнга хөл, гараа угаалгуулж, хамтдаа гадаа гарч, зөвхөн чамаас л бүх зүйл нь шалтгаалдаг нялх дүүтэй болно гэсэн үг. Өглөө нойр чинь хүрсэн ч, орой ядарч, даарч байсан ч, цастай, бороотойд ч тэр дүүгээ гадаа гаргаж чадах уу” гэж асуугаад бодож, эргэцүүлэх боломж олгох ёстой. Гэтэл авна гэснийх нь зоргоор амьтдын амьдралаар тоглох боломж олгож буй нь алсдаа хүүхдийн сэтгэл зүй, хүмүүжилд ч сөрөг нөлөөтэй болохыг Барууны судлаачид тогтоосон байдаг. Нохойгоо гаргаад хаячихдаг хүмүүс өрөвдөх сэтгэлгүй, ямар нэгэн хүнд хэцүү зүйл тохиолдоход бусдад тусалдаггүй, хувиа хичээгч байдгийг судлаачид тэмдэглэжээ. Ийм дүр төрх манай нийгэмд түгээмэл учраас дээрх байгууллагынхан амьтан тэжээх журам, стандарттай болгох асуудлыг хөндөж байгаа юм. Ингэснээр хаягдаж, гудамжинд замбараагүй үржих амьтдын тоог нэмэхгүй, хүмүүсийн хандлага, хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Бэлтгэсэн Э.Хана