Эрүүгийн цагдаагийн албаныхан бусдын ХААН банкны карт ашиглан АТМ-ээс их хэмжээний мөнгө авсан этгээдүүдийг есдүгээр сарын 29-нд саатуулав. Хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн байна. Сэжигтнүүд өнгөрсөн тавдугаар сарын 26-нд иргэн А-гийн картыг ашиглан АТМ-ээс мөнгө авсан байдаг. Улмаар нуугдаж явсаар гурван сарын дараа ийн баригдав.
Цагдаагийн байгууллагад картаа алдсан, өөрөө гүйлгээ хийгээгүй атал мөнгө нь гарсан зэрэг гомдлууд цөөнгүй ирсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, бусдын карт ашиглан АТМ-ээс их хэмжээний мөнгө авсан хэд хэдэн хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас банкны картын нууц үгээ ойр ойрхон солих, алдсан бол нэн даруй банканд мэдэгдэж байхыг анхааруулав.