Хариуцлагын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагынхан арга хэмжээ авч буй гэнэ. Тодруулбал, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг тогтмол шалгаж байгаа аж. Ингэхдээ Улсын онцгой комисс (УОК)-оос тогтоосон цагийн хязгаарыг мөрдөж буй, эсэхийг хянаж байна. Мөн хариуцлагын гэрээнд заасан шаардлагууд, халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа, үгүйг нь хянаж, биелүүлээгүй бол арга хэмжээ тооцох болсон. Зарим тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагын гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасаж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн сарын сүүлчийн долоо хоногт л гэхэд орон нутгийн 450, нийслэл дэх 944 аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгажээ.
Цар тахлаас улбаатай хөл хорионы улмаас багагүй орлогоо алдаж, хөл дээрээ тогтож ядан байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ их шалгалт нэмэр бус, нэрмээс болохоос хэтрэхгүй. Зарим нь аргагүйн эрхэд “Бодит амьдралаас тасархай шийдвэр болох хариуцлагын гэрээний биелэгдэшгүй заалтууд, төрийн байгууллагуудын ажилтнуудын дарамт, шахалтаас татгалзаж, үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоож байна” хэмээн мэдэгдэх болов.
Баянгол дүүрэгт караоке ажиллуулдаг иргэн Б “Есдүгээр сарын 10-ны үед хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа сэргээх боломж бүрдсэн. Гэхдээ тухайн үед УОК-оос караокенуудыг нээх шийдвэр гаргаагүй учраас зөвхөн иргэдийг танхимдаа суулгаж, хоол, уух зүйлээр үйлчлэх шаардлага тавьсан. Харамсалтай нь, дуулуулдаггүй караокед хэн орж ирэх билээ. Хоол идэх, шар айраг уух гэсэн хүмүүс хааяа л орж ирдэг байв. Ийм маягаар орлого гэх юмгүй нэг сар ажиллалаа. Ингээд энэ сарын 1-нээс караоке ажиллуулахыг холбогдох байгууллагуудаас зөвшөөрсөн. Гэтэл УОК-оос саяхан үйлчилгээний газрууд 22.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Иргэд өдрийн цагаар дуулахгүй шүү дээ. Голчлон орой л орж ирдэг. Тэгэхээр бас л орлогогүй байх нь. Хорооны цагдаа өдөр бүр ирж, 21.45 цагт хаалгаа барихыг сануулж, шалгадаг” гэсэн юм.
Уг нь ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Харин манай улсад дарга давуу эрхтэй, иргэд эрхгүй шахам байдаг гаж тогтолцоо хэдийн бий болжээ. Энэ нь ялангуяа цар тахлын үед илүү тод харагдаж байна. Өмнө дурдсанчлан үйлчилгээний байгууллагынхан үйл ажиллагаа явуулах эрхээ байнга хязгаарлуулж, төрийн хяналт шалгалтад хавчигдан, арай ядан амь зогсоож буй. Бас “Халдвар тарааж байна” гэж байнга чичлүүлэх болсон. Гэтэл гаргасан шийдвэрээ өөрсдөө мөрддөггүй дарга нар, эрх баригчид хариуцлага хүлээсэн тохиолдол алга.
Цар тахал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нд дотоодод тархсанаас хойш гурван сард нь нийслэлчүүд хөл хорионд байлаа. Энэ нь аж ахуйн нэгжүүд, ялангуяа үйлчилгээний байгууллагуудад хүндээр туссан. Анхандаа тэд төр, засгийн шаардлагыг мөрдөж, хөл хорионы хугацаанд үг дуугүй хаалгаа барьж байв. Харин өнгөрсөн зургадугаар сарын сүүлчээр тэвчээр нь алдарсан. Гол шалтгаан нь эрх баригчид өөрсдөө халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, бас гаргасан шийдвэрээ биелүүлээгүйтэй холбоотой. Жишээ нь, тавдугаар сарын сүүлчээр Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил орон даяар эхэлж, Төрийн тэргүүнд нэр дэвшигчдээсээ эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд энд тэндгүй уулзалт зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байхад тэд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан билээ. Үүнээс улбаатайгаар цар тахлын хоёр дахь давлагаа үүссэн юм. Уг нь өндөржүүлсэн бэлэн байдлын үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй гээд сургууль, цэцэрлэгээ хүртэл хаачихсан атал шүү.
Ийнхүү өөрсдөө бөөн хөл хөөр болчихоод сонгууль дууссаны дараа “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд танхимдаа иргэдийг суулгахгүй, зөвхөн хүргэлтээр үйлчилнэ” гэж УОК-оос “зарлигдсан” нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан. Улмаар үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл УОК-ын шийдвэрийг дагахгүйгээ мэдэгдэж, нийгэмд “давлагаа” үүсгэсэн нь хариуцлагын гэрээ “мэндлэх” шалтгаан болсон юм. Уг нь үйлчилгээ эрхлэгчид хариуцлагын гэрээ байгуулснаар хэвийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Гэсэн ч бодит байдалд хариуцлагын гэрээ нэрийн доор хатуу хяналтад орсноос өөр дорвитой өөрчлөлт гарсангүй.
Иргэдээ ийнхүү боомилдог төр, засаг харин өөрсдөө төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж, бөөгнөрөл үүсгэсэн жишээ цөөнгүй. Өнгөрсөн сарын дундуур гэхэд л “Цахим үндэстэн” хэмээх арга хэмжээг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд гурван өдөр дараалан зохион байгуулав. Уг арга хэмжээний үеэр дарга нар тайзан дээр зай барин сууцгааж, харин доор нь иргэд зөрөх зайгүй болтлоо бөөгнөрөн зогссон байлаа. Коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархаж, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахыг УОК-оос хориглосон ч эл шийдвэр өөрсдөд нь үйлчлээгүй. Үйлчилгээний газрууд, аж ахуйн нэгжүүддээ цагийн хязгаарлалт тогтоож, танхимынхаа 50 хувийг ашиглан үйл ажиллагаа явуулах шаардлагатай, эс бөгөөс хариуцлага тооцно хэмээн дарамталдаг төр, засаг тавьсан шаардлагаа бас л биелүүлээгүй. Уг нь нийслэлийн Онцгой комиссоос уг арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн байсан. Гэтэл үүнийг хэн ч тоогоогүй бөгөөд Ерөнхий сайд нь “Цахим үндэстэн”-ий хойморт голлон сууж, пиараа хийсэн. Үүний төлөө өдий хүртэл хэн ч хариуцлага хүлээгээгүй. Эл явдлыг эсэргүүцсэн иргэдийн төлөөлөл төв талбайд “No double standard” хөдөлгөөн эхлүүлснээс хойш 17 хоног өнгөрлөө. “Double standard” буюу эрх баригчид давуу, иргэдэд хатуу ханддаг байдлыг таслан зогсоохыг тэд шаардаж буй ч тоох дарга төдийлөн алга.
Олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт ухаарсан мэт өнгөрсөн сарын 19-нд “Гадаа талбайд зохион байгуулах арга хэмжээг дэмжиж байгаа. Одоо хэдүүлээ цар тахалтай нүүр тулж, дасан зохицож, бизнесээ бодохоос өөр сонголтгүй” хэмээн мэдэн будилсан. Гэсэн ч төд удалгүй буюу зургаа хоногийн дараа УОК-оос дахиад л аж ахуйн нэгж, байгууллагуудаа боомилох болсноо мэдэгдэв. Үүний дагуу хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын ажиллах хуваарийг 22.00 цагаар хязгаарлахаар шийдвэрлэж, өдгөө мөрдөж байна. Хөл, толгой нь мэдэгдэхгүй шийдвэрүүд ийнхүү ар араасаа гарсаар, дарга нар хариуцлагаас мултарсаар. Харин иргэд, аж ахуйн нэгжүүд улам л туйлдсаар. Төр, засаг хэзээ иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ тайван орхиж, учир утгагүй, үр дүнгүй шийдвэрүүдээрээ дарамтлахаа болих вэ.
Манай улсад өчигдрийн байдлаар 312 376 иргэн буюу хүн амын 10 орчим хувь нь “Ковид-19”-өөр өвчилсөн. Албан ёсны тоо энэ боловч үүний цаана шинжилгээнд хамрагдаагүй, өвдчихөөд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадалгүй, гэртээ өөрийгөө эмчилж буй иргэн хэд байгааг таашгүй. Бас уг өвчний улмаас 1274 иргэн эндээд байна. Ийм байдалд хүргэсэн төр, засаг өөрсдөө л хариуцлагын гэрээ байгуулж, нэгбүрчлэн мөрдөх цаг болжээ. Харин аж ахуйн нэгжүүдээ, ялангуяа үйлчилгээний байгууллагуудаа “чөлөөлж”, амь зогоох боломж олгох шаардлага хэдийн тулгараад байна.
Бэлтгэсэн М.Оч