Хүрэл тогоот дахь Одон орон судлах төв “Монголын Диснейлэнд” болно. Тэнд АНУ, ОХУ, БНХАУ-ын сансрын хөлөг, нисэх онгоцны багасгасан загваруудыг байршуулах юм гэнэ. Хүүхэд, залуучууд зорин үздэг газартай, шимтэн сонирхдог хоббитой болох нь. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнууд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд энэ төв хэзээд нээлттэй байна. Одон орон, сансар огторгуйн талаарх ойлголт, мэдлэгээ дээшлүүлэх боломж иргэдэд бүрджээ. Улмаар энэ салбарын хөгжлийг бодитоор үнэлэх, таниулах, урагшлуулах зам нээгдлээ. Монголчууд ийнхүү хөл хөөр болж, сайн сайхнаар зураглаж асан цаг саяхан.
Биднээс хэдэн сая гэрлийн жилийн зайд буй оддыг дурандах, нарны аймгийн гараг, эрхсийг 250 дахин томруулан харах боломж өмнө нь зөвхөн судлаач, эрдэмтдэд олддог байв. Харин 10 гаруй жилийн өмнөөс олон нийтэд нээлттэй болсон юм. Үүнийг дагаад өмнө нь харьцангуй хөл хөдөлгөөн бага, нам гүмд тооцогддог байсан Хүрэл тогоотын амыг зорих хүний тоо эрс нэмэгдсэн. Тэрчлэн тэндхийн суурь судалгааны төвүүдэд түшиглэсэн танин мэдэхүй, аялал жуулчлалын цогцолбор байгуулах зураг төсөл, төлөвлөлтийг эрдэмтэд 2014 онд танилцуулж байлаа. Үүнээс улбаалаад ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн дэргэдэх “Улаанбаатар” одон орон судлах оргил (албан ёсны нэршил нь ийм), сургалтын төвийн ирээдүйн дүр зургийг монголчууд “Диснейлэнд”-ээр төсөөлсөн. Гэтэл тэр цагаас хойш эл газарт дорвитой бүтээн байгуулалт (төлөвлөлтийн дагуу) гэхээр нэг ч ажил хийгээгүй. Тус төвийн үйл ажиллагаа өргөжин тэлэх биш, уруудан доройтжээ. Тэдний төлөвлөсөн ажлууд замхарч, харин төсөөлөлд нь байгаагүй бүтээн байгуулалтууд эргэн тойронд нь өрнөх болов. Өдгөө эл байгууллагын үйл ажиллагаа зогсонги байна. Цаашид хэрхэх нь ч тун бүрхэг байгааг судлаачид хэлсэн юм.
ГЭРЛЭЭР “ДАРАНГУЙЛАГЧ” ЦАНЫН БААЗ
Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хүрхрээтийн аманд, Хүрэл тогоотоос 2.5 км зайд байрлах “Скай резорт” цанын баазын үйл ажиллагаанаас болоод “Улаанбаатар” одон орон судлах төв үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн гэсэн мэдээллийг эх сурвалжууд бидэнд өглөө. Үүнийг тодруулахаар тус төвд өнгөрсөн амралтын өдөр очив. Үүдний харуулаас нь эхлээд эрдэм шинжилгээний ажилтнуудын төлөөлөлтэй үг солилцлоо.
Цанын баазын үйл ажиллагаа эрдэмтэн, судлаачдын ажилд ихээхэн саад учруулдгийг тэд ний нуугүй хэлсэн. Гэхдээ үйл ажиллагаагаа бүрэн зогсоох, дуран авайгаа хураахад хараахан хүрээгүй гэнэ. Коронавирусийн улмаас шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны зардлыг танаж, заримыг нь зогсоосон нь үйлчлүүлэгч хүлээн авахгүй удах шалтгаан болжээ. Гэвч цанын баазын үйл ажиллагаа, тусгай хамгаалалттай бүс дэх газар олголтын асуудалд анхаарахгүй бол цаашид энэ төв хаалгаа барьж болзошгүйг анхаарууллаа.
Харуул хамгаалалт хариуцсан залуу “Асуудал их байна. Судлаад, мэдээлэл цуглуулахгүй юү. Бид дуугарах эрхтэй биш” хэмээн өөрийгөө хамгаалсан бол нэгэн судлаач “Одон орон судлахад хүрээлэн буй орчин 100 хувь нөлөөлдөг. Орчин тусгаарлагдмал, гэрлийн тусгалгүй байх ёстой. Энэ шаардлагыг хангаж, судалгаа шинжилгээгээ хэвийн үргэлжлүүлэхэд “Скай резорт” саад болдог. Тэндээс үүдэлтэй гэрлийн бохирдол од, гараг дурандахад бэрхшээл учруулдаг. Од дурандах хамгийн тохиромжтой хугацаа бол 19.30-01.00 цаг. Эрдэм шинжилгээний ажилтнууд энэ үеэр судалгаагаа хийдэг юм. Гэтэл яг энэ цагаар хурц гэрлүүд гялбаж, бохирдол үүсгээд үнэхээр хэцүү. Одон орон судлах байгууллагыг ийм орчинд байгуулна гэсэн стандарт, жишиг олон улсад бий. Энэ үүднээс манайхыг хотын төвөөс алслагдмал газарт, Хүрэл тогоотын аманд байгуулсан болов уу. Харин одоо тэр стандарт, журам алдагдчихлаа. Үүнийг асуудал болгоод ярихаар “Скай резорт”-ыг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй гэдэг. Судалгаа шинжилгээний төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсэд газар олгосон төрийн байгууллагуудын бурууг бид үүрч байна” гэж ярьсан юм.
Үдшийн цагаар судалгаа хийхэд орчны нөлөө их байна гэсэн асуудлаар судлаачид хэдэнтээ асуудал дэвшүүлж байж. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахдаа тулсан гэнэ. Гэвч шат шатны байгууллагууд тэдний байр суурь, гомдлыг няцааж, зарим нь дарамт шахалт учруулснаар судлаачдын тэмцэл замхарсан аж. Өдгөө тэд “Тэмцээд нэмэргүй юм билээ. Хүрэл тогоотын амнаас тодорхой зайд, холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр ажилладаг гэсэн тайлбар тус компанийн үйл ажиллагааг зөвтгөх шалтгаан болдог” хэмээж сууна. Төрийн бодлого тэнгэр лүү, түүнийг хэрэгжүүлэгчдийнх газар луу буюу эсрэг тэсрэг чиглэдгийн тод жишээг энэ үйл явдал харуулж байна.
Одон орон судлах төв ажиллахгүй байгаа ч тус газрыг зорин очих хүн буурсангүй. Хамгаалагчтай цөөн үг солих зуур хоёр гэр бүл цоожтой хаалга мөргөөд, буцав. Тэдний нэг нь хамгаалагчдад хандан “Миний эмээ энд ажиллаж байсан юм. Хүүхэд байхдаа тоглож өнждөг байлаа. Их өөрчлөгдөж. Энд тэндгүй баахан хашаа хатгасан байна. Удахгүй гэр хороолол болох нь л дээ” хэмээн ёжлонгуй өгүүллээ.
СУДАЛГААНЫ ТӨВИЙН ХАЯАНД СҮНДЭРЛЭСЭН ТАНСАГ ХОТХОН
Хүрэл тогоотын ам Богдхан уулын дархан цаазат газарт хамаардаг, онцгой хамгаалалттай бүс. Тиймээс тус бүсийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцдаг. Тус захиргааны газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтний хэлж буйгаар бол тухайн хэсэгт зөвхөн түр ашиглах журмаар таван жилийн хугацаатай газар эзэмшүүлдэг гэнэ. Гэтэл Одон орон судлалын төвтэй хаяа залгаад, км хүрэхгүй зайд тансаг зэрэглэлийн хотхон сүндэрлэжээ. 2019 оноос барилгын ажлаа эхлүүлж, энэ жил бүрэн ашиглалтад орсон гэх эл хотхон ил харагдах ямар нэг нэр хаяг, тодорхой мэдээлэлгүй. Ойролцоо нь байх Эх, хүүхдийн сувилал, “Хүрэл тогоот” амралтын газрынхнаас эзнийг нь асуухад мэдэхгүй байв. Хотхоныг хариуцсан харуул нь хүртэл “Ах нь юу ч мэдэхгүй. Саяхан ажлаа хүлээж авсан. Айлууд эхнээсээ нүүж ирээд л байна” гэж мэдэн будилав.
Хүрэл тогоотын ам дахь хаус хороолол, хотхон гэсэн түлхүүр үгээр цахим системд хайлт хийхэд unegui.mn, eturees.mn гэсэн зарын сайтад байршуулсан мэдээлэл гарч ирэв. Эл хотхоны нэр “Forest island” аж. 280 болон 320 ам метр талбай бүхий 20 айлын хаус хотхон гэнэ. Нэгийнх нь доод үнэ гэхэд 3.4 тэрбумаас эхэлж байна. Захиалагч нь туркийн хөрөнгө оруулалттай “Түүболд” хэмээх компани. Эл компанийг шүүж үзвэл, 2006 онд байгуулагдсан бөгөөд 2017 оноос барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ. Захирал нь Дэмчигсүрэнгийн Наранбат. Түүнээс гадна Асылхан Алмазбек хэмээх монгол (казах байж болзошгүй), Желал Кератеш гэх турк хүн хувь эзэмшигчээр бүртгүүлжээ. Дэмчигсүрэнгийн Наранбатын нэр дээр бүртгэлтэй бас нэг компани байгаа нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх “Юниверсал голд”.
Албан ёсны бүртгэлд эдгээр хүний нэр бичээтэй буй ч цаад эзэн нь улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс байж болзошгүй, тийм биш сэн бол тусгай хамгаалалттай бүсэд хоёр жил хүрэхгүй хугацаанд хаус хотхон барих амаргүй гэдгийг тэр хавийнхан хэллээ. Зарим нь “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг энд томоохон хэмжээний газар эзэмшдэг гэсэн яриа эртнээс сонссон” хэмээв.
“Forest island” хотхоны талаар ийнхүү онцолсон нь түр ашиглуулах журам, аялал жуулчлалын зориулалт гэх нэрийдлээр Богдхан уулын ам болгоныг барилгын компаниудад “хувааж хүртээсэн” газрын наймаачдын дараагийн олз нь Хүрэл тогоотын ам хэдийн болсныг илчлэх зорилготой. Хоёрдугаарт, эл хотхон одон орон судлах төвийн цаашдын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Хоёрхон км-ийн цаана буй цанын баазын гэрэлтүүлэг дурангийн нүдэнд тордог гэхээр хажууханд нь байгаа хотхон хэр зэрэг дарамт учруулах нь ойлгомжтой. Судлаачдын нэг нь “Хүрхрээгийн амнаас Хүрэл тогоот өгсөх замд сүрхий харуул хамгаалалттай. Онцгой бүс гээд хяналтын цэг ажиллуулж, хаа хамаагүй хүн нэвтрүүлдэггүй. Гэтэл онцгой бүсдээ баахан байшин сав бариулчихсан. Үүнийг ойлгоход миний ухаан хүрэхгүй юм” хэмээн толгой сэгсэрсэн.
Монголчууд барьцамтгай. “Тэр үүнийг хийсэн байхад, би яагаад болохгүй гэж” хэмээн хандлагаар аливаад хандах нь түгээмэл. Яг ийм барьцах сэтгэхүйтэй, тусгай хамгаалалттай газрыг үнэд хүргэж худалдах хүсэлтэй хүмүүст “Түүболд” компани “зам зааж”, Хүрэл тогоот гэр хороолол болох вий, “Улаанбаатар” одон орон судлах төв хаалгаа бүрмөсөн барих вий гэж эрдэмтэн, судлаачид сэтгэл зовниж байна.
Тэндхийн ажилтнууд эхэндээ ойролцоох ногоон бүсэд зугаалагсдыг эсэргүүцдэг байж. Онцгой хамгаалалттай бүс гэж ихэд ойшоодог, хамгаалдаг байсан гэнэ. Энэ талаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд нэгэнтээ зарга мэдүүлэхэд “Та нар хашаан доторх хэсгээ л хариуцаж хамгаал. Бусад нь хамаагүй” хэмээсэн байна. Ингээд тэд газартай холбоотой хэр баргийн асуудалд оролцохоо больжээ. Үүний үр дүнд одон орон сонирхогчдоос гадна амарч зугаалж, архидан согтуурах зорилготой залуус тус газрыг зорих нь олширчээ. Зарим үед судалгааны төвийн ойр орчимд хогийн цэг үүсдэг гэнэ лээ.
Эцэст нь дүгнэхэд, төрийн байгууллагууд барилгын компаниудад найр тарьж, бадарчилж яваа иргэдийг харж үзсээр нөхцөл байдлыг иймд хүргэжээ. Даварсаар даварсаар, да ламын ширээн дээр гэхчлэн одон орон судлах ганц оргилоо алдах вий. Тэгж мэдэх л барьцгүй, “бадрангуй” улс шүү дээ, монголчууд.