Сайжруулсан шахмал түлш олдохгүй байгаа нь үнэн ажээ. Газар дээрээ нөхцөл байдал ямар байгааг сурвалжилж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хөндлөн гулд явлаа. Эхлээд тус дүүргийн оршин суугчдад түлш борлуулах 169 дүгээр цэгт очсон юм. Хашааны хаалгаар толгойгоо чихсэн хүмүүс л байхаас бус, түлшний бараа харагдахгүй. Борлуулагч утсаар ярьж байлаа. “Байна уу, миний дүү ирэх юм уу. Тийм үү, за за” гэж байна. Нүүрс ачсан машин үйлдвэрээс дөнгөж гарч байна гэнэ. Дор хаяж хоёр цагийн дараа ирэх аж. Тэрбээр цугласан хүмүүст энэ тухай мэдээлээд асуултад нь хариуллаа. “Манайх хоёр дахь жилдээ гэрээний үндсэн дээр сайжруулсан түлш худалдаж байгаа юм. Өчигдрөөс борлуулж эхэлсэн. Өглөө таван тонныг хүлээж аваад тэр дор нь дуусгасан. Орой нь дахин таван тонныг нэмж авахаар захиалсан. 00.00 цаг өнгөрч байхад хүлээж аваад 09.00 цагаас эхлээд хоёр цагийн хугацаанд зарж дуусгасан. Хүртээмжийг нь бодож нэг хүнд хоёр, хоёр уутаар өгч байгаа юм. Нэг уутанд 25 кг нүүрс байдаг. Нүүрс ачсан машиныг хүмүүс унаатайгаа дагаж ирээд авч байна. Гэтэл энд тэрэг түрсэн янз бүрийн насны хүмүүс хүлээгээд байдаг. Хэн хэнд нь картыг нь үндэслэж, хоёр, хоёр уутыг л өгч байна“ хэмээн ярилаа.
Тус цэгт дараагийн машин нүүрс ирэхийг хүлээх үү, байх уу гэж хэнээс ч юм асуун, амандаа бувтнах залуутай уулзлаа. Тэрбээр өглөө 09.00 цагаас өмнө нүүрсний эрэлд гарсан ч өнөө хэр олоогүй яваа юм байна. Шар хадны эцсээс гараад, Эрдэнэтолгой орж, улмаар Улаанхуаран чиглэсэн ч нэмэр болоогүй гэнэ. Очсон газар бүрт дууссан байж. Түүнээс “Заавал сайжруулсан шахмал түлш гэлгүй мод түлбэл яасан юм бэ” гэж яриа өдвөл “Одоогоор түлж л байна. Нэг шуудай мод 8000 төгрөгийн үнэтэй. Үргэлж мод түлнэ гэвэл үнэтэй. Тэгээд ч илч муутай. Байшин дулаанаа амархан алдана шүү дээ” гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн бүтээгдэхүүн сайжруулсан түлшний үнэ одоохондоо нэг уут нь 1875 төгрөг байгаа аж. Энэ нь цар тахлын үед төрөөс хөнгөлж өгсөн үнэ юм байна. Юутай ч энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд ийм үнэтэй байх гэнэ. Нэг айл долоо хоногт зургаан уут түлш хэрэглэхээр бодож норм тогтоон карт олгосон билээ.
Дээр дурдсан түлш борлуулах 169 дүгээр цэгийн худалдагч “Тавантолгой түлш”-ийн боловсруулан гаргаж буй түлшийг чанар сайтай гэж байлаа. “Та хар л даа. Таван тонн нүүрс түгээсэн гэхэд ийм л хог үлдэж байна” гээд шуудай дээр буй нэг кг хүрэхтэй, үгүйтэй хогийг заав. Компанийн зүгээс өгч буй мэдээллээр бол эднийх нийслэлийн гэр хорооллын 180 мянга орчим өрхийн хэрэгцээнд зориулж сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг аж. Өмнөговь аймгийн Ухаахудагийн угааж баяжуулсан нүүрсний дундын бүтээгдэхүүн буюу мидлингийг тус аймгаас тээвэрлэн авчирч үйлдвэрлэлийн шугамд оруулан бүтээгдэхүүн болгодог. Сайжруулсан шахмал түлшний 97 хувь нь илчлэг өндөртэй нүүрс байдаг бол гурван хувь нь барьцалдуулагч аж. Илчлэг нь 6500 ккл бөгөөд энэ нь Налайх, Багануурын нүүрснийхээс хоёр дахин өндөр гэнэ.
Баянзүрх дүүрэгт сайжруулсан түлш түгээх хэд хэдэн цэгт очиход хүлээж авдаг тэвш нь цэв цэвэрхэн, нүүрс сурагласан хүмүүс л холхиж байлаа. Есдүгээр хорооны “Давсны булаг” хэмээх дэлгүүрийн ойролцоох цэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байв. Гэрээ хийж амжаагүй. Нэгэн эрэгтэй “Баянцогтоос түүхий нүүрс ачиж ээжийндээ буулгасан” гэж байлаа. “Түгээх цэгүүдэд амсуулах маягтай бага түлш өгдөг нь ямар учиртай юм бэ. Айлууд энэ хүйтэнд яаж амьдрах вэ. Энэ янзаараа бол буцаад түүхий нүүрсэндээ орно шүү. Ингээд түлшээр таслаад байх юм бол түүхий нүүрс байтугай дугуй шатаана биз дээ” гэх хүн ч байлаа. Нэг эр ундууцсан янзтай “Ковид-19”-ийн шинжилгээнд, бензинд, шахмал түлшинд дугаарлаж өдрийг барах боллоо. Яачихсан засаг вэ” хэмээж үгээ хэлж байв. Бас нэг эмэгтэй “Шахмал түлшээ картаар өгнө. Түүнийгээ ядаж чирэгдэлгүй өгчихдөг болоосой. Чадахгүй юм бол яах гэж түүхий нүүрс хориглоод байгаа юм бэ” гэсэн.
Сайжруулсан шахмал түлш яагаад хомсдов, шалтгаан нь юу болох талаар “Тавантолгой түлш” ХХК-иас тодруулахад “Үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа. Энэ жил өмнөхтэй харьцуулахад өглөө, оройдоо хүйтэн байгаа учраас айлууд түлш нэлээд ахиу хэрэглэсэнтэй холбоотойгоор хомсдол үүссэн мэт харагдаад байх шиг байна. Үйлдвэрлэлийн хэмжээ, түгээлтэд гарч буй машины тоо буураагүй” гэсэн хариу өглөө.
Тус компанийн зүгээс ийм хариу өгч байдаг. Гэтэл иргэд цахимаар тэднийхийг “бөмбөгдөж байна”. “Өмнөх долоо хоногт картаараа нүүрс авсан. Гэтэл сая очоод дугаарлан байж хоёр уут нүүрсээ авах гэсэн чинь карт идэвхжээгүй байна гэх юм. Арай хэтэрхий юм. Ард иргэдийг чирэгдүүлж байна шүү. Утас руу нь залгахаар огт авахгүй. Ажлаа яаж хийдэг байгууллага вэ”. “Тавантолгой түлш” ХХК-ийнхан ажлаа олигтой хийгээч ээ. Хоёр жил ашиглаж байгаа картыг минь өөр хүний нэр дээр байна гэх юм. Борлуулах цэгт солих боломжгүй. Анх гарын үсэг зураад авсан шүү дээ. Учрыг нь олж өгөөч”. Нялх хүүхэдтэй айлууд хэцүү байна. Өдөржин зогсож авсан түлшээ хоёр айлд нэг, нэгээр нь өгчихлөө. Дээдчүүд байдал ийм байгааг мэдэхгүй, дулаан байрандаа сайхан байгаа биз. “Шахмал түлш авах гэж нэлээд хэд хоног явлаа. Ирсэн цэгүүдэд дугаарласан ч авч чадсангүй. Маш бага хэмжээгээр ирдэг юм байна. Машинтай 25, харин усны тэрэгтэй 30 хүн хамтдаа хүлээлээ. Борлуулагч нар хүмүүст аль болох хүртээх гэж үзэх ч нэмэр алга. Дөнгөж хүйтэрч эхлэхэд ингэж байгаа юм чинь, цаашид айл өрхийг түлшээр хангаж чадах юм уу. Үгүй бол эртхэн хэлмээр юм. Корнавирусийн халдвар ихсээд байдаг. Хүмүүсийг гадаа зогсоож дааруулаад байдаг. Иргэдээр битгий тоглооч. Нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлээч” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Нийслэлийн гэр хорооллын оршин суугчид энэ мэтчилэн санал бодлоо илэрхийлсээр байна. Үнэхээр гадаа хүйтэн, коронавирусийн халдвар улам идэвхэжсэн энэ үед байр, байшингаа халаах гэсэн хүмүүс түлш хайж зүдэрч болох уу даа.
“Тавантолгой түлш” ХХК-иас 2021-2022 онд баруун болон зүүн бүсийн үйлдвэртээ нийслэлийн 180 мянга орчим өрх, мянга гаруй аж ахуйн нэгжийг 600 мянган тонн шахмал түлшээр хангах тооцоо хийсэн юм билээ. Үүний тулд 300 өрхийн дунд борлуулах нэг цэг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Түүнийхээ дагуу цэгүүд нээж. Гагцхүү түлш нь хүрэлцэхгүй байна. Үнийг нь 50 хувиар хөнгөлсөнтэй холбоотойгоор эрэлт нэмэгдсэн, мөн орон нутаг руу хулгайгаар тээвэрлэсээр буйд их учир бий гэнэ. Үйлдвэр хэвийн ажиллаад, нийслэлийнхнийг хангах түлш нийлүүлээд байхад борлуулах цэгүүдэд үзэгдээд өнгөрөх мэт, түүн дээр нь иргэд дайтсаар байна гэдэг нь түлшийг нийслэлээс их хэмжээгээр гаргаад буй гэж ойлгож болох уу. Хэрвээ тийм бол үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ.
Засгийн газраас цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэгэн адил сайжруулсан шахмал түлшний үнийг дахин бууруулснаас болж “Тавантолгой түлш” ХХК-д ч алдагдал үүссээр буй юм билээ. Аливаа бараа, бүтээгдэхүүний үнийг хүчээр барихын эерэг, сөрөг тал, ер нь энэ бодлогын хүрээний алдаа, оноо үүгээр ил гарч ирж буй ч мэт.
Ямартай ч өнөөдрийн байдлаар гэр хорооллын иргэд даарч хонож байгааг сурвалжилгын эцэст тэмдэглэе.