Монгол Улсад Хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн баярын хүрээнд Цагдаагийн байгууллагын “СҮЛД” чуулгын дэргэд виртуал музей байгуулжээ. Виртуал музейн нээлт “Сүлд” чуулгын “Бахархал” танхимд боллоо. Нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын Улсын хилийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч, хурандаа Ц.Лхагвасүрэн, Монгол Цэргийн Музейн менежер, дэд хурандаа Л.Гантөмөр, Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Лхагва, Дотоод хэргийн их сургуулийн музейн эрхлэгч, ахмад Б.Цэцэгмаа болон бусад албаны хүмүүс оролцсон юм. “Сүлд” виртуал музей нь Монгол Улсын хамгийн анхны бүрэн хэмжээний виртуал музей гэдгээрээ онцлог бөгөөд орчин үеийн VR технологийг ашиглан үзэгч бодит орчинд оруулан биет бус үзмэртэй танилцах юм. Виртуал орчинд интерактив ашиглах, турших, харьцуулах, тоглох, сонсох, харах, 360 хэмжээсээр аялал хийх, даалгавар биелүүлэх боломжоор хангасан бөгөөд нэгэн зэрэг 8 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Цагдаагийн байгууллагын “Сүлд” виртуал музей нь гурван хэсэгтэй бөгөөд цагдаа, дотоодын цэргийн шилдэг 100 үзмэр, албаны онцлог, танин мэдэхүйн зорилгоор хийгдсэн үзмэрүүд багтах юм. Танин мэдэхүйн мэдлэг боловсролоо дээшлүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тус музей нээлттэй юм.