Он гарсаар эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өгөв. Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132 буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 2115 хэрэг буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218 хэрэг буюу 9.9 хувиар тус тус буурчээ.
2021 оны эхний есөн сард Тээврийн цагдаагийн алба 44.652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 10.853 осол, хэрэг бүртгэгдэж 1020 хүн гэмтсэн. Нийт 573 явган зорчигч зам тээврийн осол, хэрэгт өртөж, хэргийн улмаас 55 хүн нас баржээ. Эд материалын хохиролтой осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүний тоо 20.9 хувиар буурсан байна.