Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод “Дубай экспо-2020” үзэсгэлэн “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийжээ. 438 га талбайг хамарч буй уг үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд 191 улс эх орноо сурталчлан таниулах юм байна. Уг үзэсгэлэн нь худалдаа, бизнес, аялал жуулчлалын олон талт хамтын ажиллагааг өргөтгөж, шинэ зах зээл, түншлэл бий болгох, орчин үеийн дэвшилт техник, технологитой танилцах, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний цахим сүлжээний ололт амжилт, байгаль орчин, дэлхийгээ хамгаалах, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй үйл ажиллагааны цогц шийдлүүдийг биечлэн үзэх боломж олгох аж.
Манай улс энэ сарын 16-нд тус үзэсгэлэнд “Монголын үндэсний өдөрлөг” зохион байгуулах гэнэ. Энэ үеэр бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Одоогоор тус үзэсгэлэнд Монгол Улсын павильоны хөрөнгө оруулалтын хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” компанийн танилцуулгыг байршуулаад байгаа аж. Түүнчлэн шилдэг гэрэл зурагчдын бүтээлүүд, үндэсний үйлдвэрлэгч “Хас гоёл”, “Сутайн гоёл”, “Анна кашмир”, “Сайн түмэн кашмир”, “Монтулга”, “Энхжин сувенир”, “Хөх урлан”, “Мэргэн тур”, “Агни”, “Асылмура”, “Тур хэндс”, “Говь гоо”, “Жасу” зэрэг аж ахуйн нэгж бүтээгдэхүүний дээжээ дэлгэжээ.