“Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшний үйлдвэрийн ажилчид өнгөрсөн пүрэв гарагт ажил хаялт зарлажээ. Тодруулбал, “Сайн түлш” үйлдвэрлэдэг 300 орчим ажилчин ажил хаян, цалингаа нэмэгдүүлэх, ажлын байрны хүнд нөхцөлийг сайжруулах шаардлагыг удирдлагадаа баасан гарагт хүргүүлсэн аж. Мөн үндсэн болон урамшуулалт цалинг бүтнээр нь олгохгүй байгаа талаар гомдол мэдүүлжээ. Тэгвэл үйлдвэрийн удирдлага, ажилчид зөвшилцсөн бөгөөд өдгөө ажлаа хэвийн үргэлжлүүлж буй аж.
Дээрх үйлдвэрийнхэн улирал бүрт үндсэн цалингаас гадна урамшуулал авдаг гэнэ. Өнгөрсөн наймдугаар сарын 2-нд үйлдвэрийн ажлыг бүрэн эхлүүлсэн учраас есдүгээр сард урамшуулал олгоогүй нь ийн ажил хаяхад хүргэсэн юм байна. Түүнчлэн ажилчин бүрт багадаа 300 000 төгрөгийн урамшуулал нэмж өгөхөөр болсон гэж олон нийттэй харилцах албанаас нь мэдээлэв. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн байдлаар 128 цэгт “Сайн түлш” борлуулж байсан бол өнөөдрөөс 155 цэгээр түгээх боломж бүрдсэн гэнэ.
Бэлтгэсэн С.Дулам