“Хүчит шонхор” захад малын дайвар бүтээгдэхүүний борлуулалт, эрэлт ямар байгааг өнгөрсөн бямба гарагт сонирхлоо. Тус захад уржигдрын байдлаар хонины арилгаж, цэвэрлэсэн цувдай хэмжээнээсээ хамаарч 8000-10 000, богийн хуйхалсан толгой 4000-5000, үхрийн шийр ширхэг нь 3000-4000, богийн элэг 1500-2000 төгрөгийн үнэтэй байв. Борлуулагч М “Бид богийн цувдай, толгой болон үхрийн шийр зэргийг хуйхалж, цэвэрлэж бэлтгэдэг газраас нь худалдан авч хэдэн төгрөг нэмээд зардаг. Ихэвчлэн хувь хүмүүс ийм ажил эрхлэн, малчид, мах бэлтгэлийн газраас түүхий эдээ авдаг. Сүүлийн үед дайвар бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа нь тухайн цех, айл өрхөд ажилчин олдохгүй, хуйхалж, цэвэрлэх зардал нэмэгдэж байгаатай холбоотой гэсэн” хэмээн ярив. Тэгвэл толгой, шийр хуйхлан нийлүүлдэг нэгэн “Манайх Баянхошуунд хашаандаа, жижиг байшинд малын толгой, шийр хуйхалж, цэвэрлэж борлуулдаг. Бид богийн толгойг ширхгийг нь энэ жил 1000, үхрийн шийр, толгойн хамт 6000 орчим төгрөгөөр бөөнд нь авч боловсруулж буй. Ихэвчлэн “Хүчит шонхор” зах, царцаамаг хийдэг жижиг цехэд өгдөг. “Эмээлт” зах руу очин, бойны газраас түүхий эд авах, тээвэрлэж авчрах, сард 1-2 хүн хөлсөлж ажиллуулахад багагүй зардал гардаг. Тэгээд ч анхан шатны боловсруулалт хийж буй учраас ашиг багатай” гэлээ.
Манай улс жилд дунджаар 12 сая орчим толгой малыг хүнсэнд хэрэглэн, экспортлох зорилгоор төхөөрдөг гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. Ингэхээр төдий тооны малын толгой, дотор мах болон дөрөв дахин олон тооны шийр, тагалцаг гарах нь. Хэдийгээр дайвар бүтээгдэхүүнээ боловсруулан экпортолдог ч энэ нь “муулсан” малын тоо, гадаадад борлуулсан махны хэмжээтэй харьцуулахад өчүүхэн бага. Тодруулбал, 2019 онд манайх үхэр, адуу, хонины 40 000 тонн мах экспортолсон бол 2300 тонн дайвар бүтээгдэхүүн нийлүүлжээ. Харин өнгөрсөн жил 19 000 тонн мах, 1200 тонн дайвар бүтээгдэхүүн борлуулсан аж. Зарим нутагт их хэмжээгээр мал нядлах үед цувдай, шийр нь хаягдаж үлдсэн хэвээр байна. Тухайлбал, Ховд аймгийн Мөст сумын иргэн С.Отгонцэцэг “Манайх цөөнгүй удаа, багагүй тооны мал муулж, Улаанбаатарын үйлдвэрүүдэд мах нийлүүлж байсан. Хөлсөөр ажиллуулсан хүмүүстээ цалингийнх нь багахан хувьд малын цувдай, толгой, шийрийг нь өгье гэхэд авдаггүй. Богийн шийр бол ямар ч үнэгүй. Тиймээс их хэмжээний мах бэлтгэх үед багагүй дайвар бүтээгдэхүүн хаягдан, булж орхидог. Ер нь сумдад мах бэлтгэлийн ажил өрнүүлэхэд дайвар бүтээгдэхүүнийг нь хаях нь их. Энэ нь цэвэрлэхээс залхуурах, их хэмжээгээр худалдан авах аж ахуйн нэгж байхгүй, үнэ хямдтай холбоотой” гэв.
Орон нутагт дайвар бүтээгдэхүүн үнэ цэнгүй байдаг нь аймаг, сумдад боловсруулах үйлдвэр байдаггүйтэй холбоотой аж. Нутгийн иргэд гэртээ, гар аргаар толгой хуйхалж, цувдай цэвэрлэн хүнсний зах, худалдааны төвүүдэд цөөн тоогоор борлуулдаг юм байна. Баянхонгор аймгийн иргэн О.Одмандах “Сүүлийн хоёр жилд манай аймагт өвөлжилт хүндрэн, малчдаас мал худалдан авч, мах бэлтгэх ажил өрнүүлсэн. Мах бэлтгэж буй цэгт нэг өдөр ажиллахад хийсэн ажлаас нь хамаарч 20 000-30 000 төгрөгийн цалин өгч, таван цул, толгой, шийрийг нь үнэгүй авч болно гэсэн. Нэг айл нэг өвөл, хавар хэдий хэр дайвар бүтээгдэхүүн идэж чадах билээ, багагүй нь үлдэж, булж хаясан. Гадаадад малын өлөн гэдэс, цусыг боловсруулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн хийдэг гэдэг ч манайд хаяхаас өөр арга байхгүй” гэж ярилаа. Нийслэлд хэдэн жилийн өмнө “Эмээлт” захын ойролцоо малын толгой, цувдай их хэмжээгээр овоолж, булж хаясан тохиолдол цөөнгүй байв. Харин одоогоор ил задгай хаягдсан зүйлс байхгүй, ерөнхийд нь боловсруулж хэвшжээ. Гэхдээ боловсруулсан зарим бүтээгдэхүүнийг иргэд худалдан авахад бэрхшээлтэй байгаа талаар ярих хүн ч байна. Баянгол дүүргийн оршин суугч Г.Хүрэлхүү “Эртний хүнс” компанийн утаж, савласан үхрийн хэл 200 грамм нь бараг 9000, богийн мөн ингэж боловсруулсан гурван ширхэг хэл 4000 төгрөг гэнэ. Царцаамаг буюу үхрийн тагалцгаар хийсэн зууш 300 грамм нь л 5000 төгрөгийн үнэтэй байна. Дайвар бүтээгдэхүүн хаягддаг гэх ч боловсруулаад, борлуулаад ирэхээр зарим хүн авч чадахааргүй шахам өртөгтэй болох юм” гэлээ.
Эндээс дайвар бүтээгдэхүүн үнэ цэнгүй мэт, ялангуяа орон нутагт хаягдах нь элбэг ч боловсруулбал мах, махан бүтээгдэхүүнээс дутахгүй ханштай болдог нь харагдана. Гэсэн ч манайд “Махимпекс”, “Эртний хүнс”, “Хүнс комплекс” зэрэг томоохон компанийг эс тооцвол их хэмжээгээр дайвар бүтээгдэхүүн худалдан авч, боловсруулж, нийлүүлдэг үйлдвэр алга гэхэд болно. Тиймээс нэг талд түүхий эд нь хаягдаж, нөгөөтээгүүр боловсруулсан бүтээгдэхүүний зарим нь дундаж хэрэглэгчийн худалдан авах боломжоос давсан үнэтэй байна.
Мал, амьтны арьс, таван цул, шийр, тагалцаг зэргээс гарган авдаг үнэ цэнтэй бүтээгдэхүүнд цавуу, коллаген, мэс заслын утас, төрөл бүрийн хиам, зайдасны шууд идэж болдог хальс зэрэг багтдаг. Манайхаас мал “хөлөөр” нь импортлох сонирхолтой БНХАУ малын арьснаас гарган авсан төрөл бүрийн цавуу нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг аж. Мөн хүнсний нэмэлт бодис, аминдэм болон төрөл бүрийн талх, нарийн боов, сүүн бүтээгдэхүүний тогтворжуулагч, бэхжүүлэгч үйлдвэрлэх зорилгоор мал, амьтны дайвар бүтээгдэхүүнээс коллаген гарган авдаг. Сүүлийн 10 жилд гурилан бүтээгдэхүүний нэр, төрөл 1990 оны эхэн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдэн, цаашид ч өсөх тооцоог НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газраас гаргажээ. Үүнтэй холбоотойгоор хүнсний цавуу, желатины эрэлт өсөх гэнэ. Мөн гоо сайхан, эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэдэг шахмал, тун, гель, бусад хэлбэрийн савлагаатай коллагены зах зээлийн борлуулалтын хэмжээ өссөөр 2020 онд 8.4 тэрбум ам.доллароос давжээ. Улмаар коллаген болон хүнсний цавуулаг бодисын эрэлт жилд 9-10 хувиар нэмэгдсээр 2030 он гэхэд уг зах зээлийн борлуулалтын орлого 16-17 тэрбум “ногоон”-д хүрэх тооцоог олон улсын зарим хэвлэлд дурдсан байна. Харин манайд эдгээрийн үндсэн түүхий эд буюу малын дайвар бүтээгдэхүүн, ялангуяа богийн шийр хаягдсан хэвээр. Түүнчлэн хүний эрүүл мэндэд нэн тустай хүнсэнд тооцогддог малын цусаар дагнан бүтээгдэхүүн хийдэг үйлдвэргүй, жилд өдий төдий хэмжээний түүхий эд хаягдаж буй юм. Харин нэг жилд гурван сая орчим богийн өлөн гэдсийг боловсруулж хиам, зайдасны хальс хийн Европын Холбооны орнууд руу экспортолж буй ч мэс заслын утас хийх буюу нарийн технологи ашиглан боловсруулах үйлдвэр бас л огт хөгжөөгүй байгаа билээ. Дайвар бүтээгдэхүүний боловсруулалт, үйлдвэрийн бүтээмж, өсөлтийн талаар ХХААХҮЯ-наас тодруулахад “Дайвар бүтээгдэхүүний экспортын хэмжээ жил ирэх бүр өсөж байгаа. 2020 онд энэ төрлийн бүтээгдэхүүний борлуулалт багассан нь хилийн хорио цээртэй холбоотой. БНХАУ манайхаас малыг “хөлөөр” нь худалдан авахаар санал тавьдаг нь бүх түүхий эдийг нь бүрэн ашиглах сонирхлоос үүддэг. Иргэд, аж ахуйн нэгжүүд малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр байгуулахаар бол Жижиг, дунд үйлдвэрийн газарт хандан, журмын дагуу материалаа бүрдүүлж, хөнгөлөлттэй зээл, тусламж авах боломжтой” гэсэн юм. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд одоогоор мал “муулан”, анхан шатны боловсруулалт хийдэг 50 гаруй үйлдвэр бий аж. Тэдгээр үйлдвэр нь 5000 орчим ажлын байр бий болгон, хоногт 32 000 бог, бод төхөөрөх хүчин чадалтай гэнэ.