Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Элчин сайд Д.Даваасүрэн, Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Элчин сайд Ш.Одонбаатар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Элчин сайд Л.Эрдэнэдаваа, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Элчин сайд Д.Ганболд нарт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх итгэмжлэх жуух бичгийг нь өнгөрсөн баасан гарагт гардууллаа. Үндэсний язгуур эрх ашгийг ямагт эрхэмлэн дээдэлж, гадаад бодлогыг нэг цонхоор харж, хэрэгжүүлэхийг Элчин сайд нарт Төрийн тэргүүн захив. Мөн эх орноо сурталчлах, хөрөнгө оруулалт татах, гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлээр идэвхтэй ажиллахыг сануулсан юм. Тухайн орондоо оршин суугаа монгол иргэддээ боломжит бүх хэлбэрээр туслалцаа, дэмжлэг үзүүлэх, үр хүүхдүүдэд нь эх хэлээ сургах, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх нь чухал байгааг хэллээ. Элчин сайд нар хууль бус зүйлд холбогдсон тохиолдолд нэн даруй эгүүлэн татна гэдгийг тэрбээр онцгойлон анхааруулав. Тэдний хамт нийт 23 хүнийг Элчин сайдаар томилохыг УИХ өнгөрсөн долдугаар сард дэмжсэн бөгөөд есдүгээр сарын эхээр дөрөвт нь итгэмжлэх жуух бичгийг нь гардуулсан билээ. Тухайлбал, Данийн Хаант Улсад хавсран суух Элчин сайд Т.Жанабазар тус улсын Хатан хаан II Маргретед итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад байна.
Бэлтгэсэн У.Наран