“Нарны хүү, сарны охин” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулах таван хоногийн завсарлага авсан билээ. Энэ хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусаж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал хийж, ял шийтгэлээ. Тэдний гэм буруутай, эсэхийг нийт 65 цаг хэлэлцэж байж, дээрх гурван хүнийг залилах гэмт хэргийг бүлэглэн байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон юм. Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нар эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрөл албан ёсоор аваагүй байхдаа бодит нөхцөл байдлыг нууж “Амар амгалан” хэмээх орон сууцын хотхон барьж байгаа” хэмээн иргэдийг төөрөгдүүлж, улмаар барилгын зураг, загвар бүхий тараах материал бэлтгэн, түүнийгээ ашиглан иргэдэд “Хямд байр зарна, урьдчилгаа төлбөрийн дүн ихсэх тусам ам метр талбайн үнэ багасна, барьцаа хөрөнгө шаардахгүй, өрхийн орлого нотлох шаардлагагүй, жилийн таван хувийн хүүтэй лизингийн гэрээ компанитай байгуулна” гэх мэтээр зохиомол байдал бий болгож “Орон сууц захиалгын гэрээ”-ний урьдчилгаа хэмээн 457 иргэнээс 8.6 тэрбум гаруй төгрөг авсан нь тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн аж.
Өнгөрсөн баасан гаргийн 14.00 цагаас шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хурал болж Д.Гүрсоронзод хаалттай хорих ангид 10, Д.Одгэрэл, Д.Батбаярт нарт нээлттэй хорих ангид зургаан жил хорих ял эдлүүлэхээр боллоо. Мөн иргэдэд учруулсан 7.2 тэрбум гаруй төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж олгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын байгууллагын шийдвэрээр битүүмжилсэн дээрх гурван хүний нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, дансанд нь байгаа мөнгийг бусдад учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад шилжүүлэхээр болсон байна.
Бэлтгэсэн Г.Орчлон