Энэ гараг дээр зөвхөн хүмүүс л амьдардаггүй. Дэлхий зөвхөн хүмүүст зориулагдаагүй. Нарны аймгийн цор ганц амьдралтай цэнхэр гараг дээр хүмүүсээс гадна өч төчнөөн амьтан, шавж, ургамал, мод, амьд биет зэрэгцэн оршдог. Гэтэл хүний гайгаар, бидний төлөөсөнд орчлонгийн олон амьтны амьдрах, нүүдэллэх нутаг хумигдан, төрөл зүйлүүд үрэгдэж, мөхөж байна. Хэд хоногийн өмнө нийслэлээс Налайхыг зорьж явахад хэдэн адуу авто замын хашлага дотор цувран зогссон байв. Явах гэхээр хурдтай давхих машинуудад мөргүүлэх эрсдэлтэй.
Ойр хавийн 100 орчим метр газарт лав гарц гэхээр зүйл харагдсангүй. Уг нь мал, амьтан орох энэ мэт эрсдэлээс сэргийлэн төмөр хашлага хийсэн нь Налайхын авто замын бүтээн байгуулалтын давуу тал болжээ. Хоёр жилийн өмнө өдийд ашиглалтад оруулсан эл замын зарим хэсэгт, тодруулбал, дэлгүүр, ТҮЦ, нийтийн тээврийн автобусны зогсоолын харалдаа буюу суурьшлын бүсийн ойролцоо газруудад орц, гарц шийдэн, хашлагагүй задгай орхисон нь хүмүүсийн хувьд хөдөлгөөнд нь саадгүй аятайхан, зөв шийдэл болсон байна.
Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км урт, 26 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээ бүхий энэ замыг ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц гэхчлэн юм юмтай цогцоор нь шийдсэнээрээ өмнө нь байгаагүй том бүтээн байгуулалт гэж онцолж байсан. Уг нь харахад тийм л юм. Гэхдээ учир дутагдалтай нь энэ мэтээр илэрнэ.
Суурьшлын бүс хэсгийн аль нэг орц, гарцаар авто зам руу ороод, хашлагаас гарч чадахгүй машинд “туугдсаар” учраа олохгүй зогссон адуунуудыг хэн нэгэн зориуд зохион байгуулалттайгаар, түүгээр өнгөрөх жолооч нарыг бага хурдтай зорчуулан байж л тэндээс гаргахаас өөр аргагүй. Ингэхдээ нэлээд газарт ийм байдалтай явах шаардлагатай харагдсан. Уг нь мал, амьтдын зорчих хөдөлгөөнд саад учруулахгүй ногоон гүүр буюу зориултын орц, гарц хийсэн бол ийм асуудал үүсэхгүй.Монголд уулархаг нутгийн зам, замын байгууламжийн дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц байгуулах стандартыг хэдэн жилийн өмнө баталсан юм билээ. Үүнээс өмнө 2015 онд тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц байгуулах стандарттай болсон. Өөрөөр хэлбэл, ийм стандартууд баталснаар Монгол орны аль ч хэсэгт авто болон төмөр зам барихдаа зэрлэг амьтдад зориулсан гарцыг заавал байгуулах ёстой гэсэн үг. Уг нь стандарт бол хуулиас ялгаагүй, биелүүлэх, мөрдөх ёстой “ноот” бичиг.
Төмөр замыг зэрлэг амьтдын нүүдэлд саад болохгүйгээр нүхэн болон гүүрэн гарцтайгаар байгуулах стандартыг анх Франц улс 1985 онд баталж, дэлхийд жишиг болгосноор амьтад байгалийн жамаас бусад, тодруулбал, хүнээс шалтгаалан олноор үрэгдэхээс хамгаалж чадсан аж. Энэ талаарх статистик өч төчнөөн байна. Үүнийг хүн төрөлхтний гавьяа гэж болно. Харамсалтай нь, манайд төмөр зам дагуу ийм гарц байхгүй учраас амьтдыг галт тэрэгний хөдөлгөөнд саад болгуулахгүйн үүднээс өргөст тор татдаг харгис уламжлалтай. Энэ бол зээрийн сүргийн тоо толгой хэдэн мянгаараа хорогдох том шалтгаан юм. Нөгөөтээгүүр, өргөст тор татах, түүнийг арчлахад багагүй хөрөнгө мөнгө зарцуулж, чирэгдэл болдог тухай баримтыг тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц байгуулах стандартын талаар хэлэлцэх үеэр судлаачид мэдээлж байсан. Судлаачдын дурдсанаар бол тухайн үеийн ханшаар ганцхан метр өргөст торонд жилдээ 12 сая төгрөг зарцуулдаг. Улсын хэмжээнд татсан торыг энэ дүнгээр үржүүлэхэд хэчнээн тэгтэй тоо гарах нь мэдээж. Үүний оронд зориулалтын гарц гаргах нь хэмнэлттэйг судлаачид тухайн үед сануулж байжээ. Хамгийн чухал нь өргөст торгүй болгосноор үй олон амьтныг аврах боломжтой юм.
Өмнө нь ийм зориулалтын стандартгүй байжээ гээд “уучлах” шалтаг болгоё. Харин стандартыг нь баталчихаад багагүй хугацаа өнгөрсөн атал хэрэгжүүлэхгүй байхаар байгаль дэлхий дээрх биднээс бусад амьтан яах ёстой вэ. Төмөр зам дагуу зэрлэг амьтдад зориулсан гарцгүйн улмаас зээрийн сүрэг баруун, зүүн хэсэгт хуваагдсан, энэ нь нүүдэл, үржил, өсөлтөд нь сөргөөр нөлөөлж, улмаар мөхөлд ч хүргэх аюул бодитоор бий болжээ. Үүнийг нүгэл гэхэд хилсдэхгүй. Нөгөөтээгүүр, нүүдлийн туруутан амьтад Монголд л идээшээд байдаггүй. Өмнөд, хойд зүгт ч нүүдэллэдэг, өөрөөр хэлбэл, дэлхийн эрх чөлөөт “иргэд”. Нас, бие гүйцсэн цагаан зээр жилд дунджаар 36 000 ам километр газарт нүүдэллэдэг болохыг Монгол, Америкийн судлаачид 1998-2011 онд Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааныхаа үр дүнд тогтоосон байдаг. Тэгэхээр мэдээж, олон улсын судлаачид хаана, хэчнээн нь, ямар шалтгаанаар хорогдсон талаар эрх биш тоооцоолж л байгаа. Энэ утгаараа уг асуудалд анхаарал хандуулахыг Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг олон улсын байгууллага манай Засгийн газраас хүсэж, зөвлөсөн байдаг. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцод нэгдсэний хувьд Монгол Улс амьтдад саад тотгор болохуйц нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, үүнийг бууруулах, арилгах арга хэмжээ авах үүрэгтэй. Гэтэл бид бахь байдгаараа л явсаар. Хоёр жилийн өмнөх судалгаагаар төмөр замын хоёр талаар татсан “жаднуудад” 5000 гаруй зээр өлгөгдөж үхсэн гэдэг статистик бий.
Зэрлэг амьтдад зориулсан гарц нэртэй, ус сувгийн том хоолой манайд цөөхөн байдаг нь шаардлага хангадаггүйн зэрэгцээ нүд хуурсан ажил гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар иржээ. Тэгвэл гадаадын улсуудад ийм гарцыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, тодруулбал, ямар ч амьтан чөлөөтэй зорчихоор өргөн, зарим тохиолдолд ямар ч үед тэнгэр нэвт харагдахаар шийддэг юм байна.
Экодук буюу зэрлэг амьтдын нүүдлийн зам байгуулах нь өртөг өндөртэй ч мөнгөөр хэмжишгүй ач холбогдолтойг олон улсын судлаачид тэмдэглэжээ. Зөвхөн амьтдад бус, хүнд ч ашигтай бөгөөд автомашины ослын эрсдэлийг хэд дахин бууруулдаг болохыг Нидерландын судлаачид тогтоосон аж. Тус улсад дорго, бизон, хандгай зэрэг бүх амьтанд зориулсан аюулгүй гарц бүхий байгууламж 600 гаруй байдгаас гадна дэлхийн хамгийн урт буюу 800 метр экодукийг ч байгуулжээ. 1980-аад онд Массачусетс (АНУ)-т саламандер загасыг утстахаас аварч үржүүлгийн цөөрөм рүү нүүлгэн шилжүүлдэг байснаа газар доогуур гарц байгуулснаар өдгөө нэн ховор ангиллаас гарах хүртлээ өсөж үржсэн гэнэ. Канадын Банфын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт 44 экодук байгуулжээ. Тус газрын мэргэжилтнүүд 15 жилийн ажиглалтаараа тэдгээр гарцаар хөхтөн амьтад 150 мянга гаруй удаа явж өнгөрснийг тогтоосон байна. Ингэхдээ амьтад аюулгүй байдлаа мэдэрч, гарц ашиглаж эхлэх хүртэл багадаа таван жил болдгийг судлаачид тэмдэглэжээ. Зарим орны хувьд амьтдын төрөл зүйлийн онцлогийг харгалзан гарц хийдэг. Жишээ нь, Америкт нисдэг хэрмүүдэд зориулан хурдны зам дээгүүр тавцантай шон суурилуулдаг байна. Тэр ч бүү хэл, сарьсан багваахай, яст мэлхийд зориулсан экодук бий. Зэрлэг амьтдын гарцуудыг байгуулахдаа хоорондын зай нь дунджаар 15 км байхаар тооцдог гэнэ. Энэ мэт жишээ олон.
Өнгөрсөн сарын дундуур Улаанбаатар-Дархан-Уулын чиглэлийн зам дагуух 361 дүгээр гармыг зорилоо. Замын хажууд цустайгаа хутгалдсан, үхсэн нохойг хараад сэтгэл түгшив. Удалгүй өөр нэг амьтан мөн л үхсэн байхтай таарав. Мөн нас, бие гүйцсэн үхэр машинд мөргүүлсэн байв. Дархан-Уулын замыг засах биш, түйвээгээд орхисноос хойш хэдэн жилийн нүүр үзсэнийг хэн хүнгүй мэднэ. Түүгээр зорчиж байгаад өчнөөн хүн амиа алдсаныг ч мартаагүй. Өдгөө ч осол гарч, иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор. Энэ талаар мэдээлж, хүмүүс нүүр номоороо “хэрэлдэж, шуугиад” л байгаа. Харин энэ мэтээр жолооч нарын буруугаас, эсвэл өөрийн “дураар” нүд аньсан мал, амьтны талаар дуугарах нь бараг үгүй. Яагаад зам руу орсон шалтгааныг нь хөнддөггүй. Энэ бол нөгөөх л амьтан, малд зориулсан гарцгүйгээс улбаатай. Дээр өгүүлсэн хэдэн адуу ч гарцгүйн улмаас аюултай нөхцөл байдалд орсон. Ийм эрсдэлээс хамгаалах стандарт нь Монголд байгаа талаар түрүүн мөн өгүүлсэн. Гэхдээ энэ удаагийн жишээнд дурдсан морь, үхэр, нохой бол малчны хот шиг болчихсон Улаанбаатарын нутаг дэвсгэрт замын осолд орж, хашигдсан. Тодруулбал, нийслэл хотын эргэн тойронд хаа саагүй бэлчиж, тэнэх мал, амьтдыг энэ мэт ослоос хамгаалах тал дээр анхаарах цаг болжээ. Хот орчмын авто замуудад нүхэн болон гүүрэн гарц шийдсэн нь байна уу. Нэгэнт барьж байгуулсан замуудыг сэтэлж, эвдэж, мал, амьтанд зориулсан гарц шийдэх хэцүү нь ойлгомжтой ч ухаанаа уралдуулахад дээгүүр нь, бүр тодорхой хэлбэл, авсаархан гүүр байгуулж болохгүй юу. Мэдээж хүнд бус, бидний ижил дасал болсон малд, амьтанд зориулах учраас зүлэгтэй, модтой хэлбэрээр, аль ч талаасаа “надад зориулжээ” гэж мэдэгдэхээр шийдэж болмоор санагдах юм. Холбогдох байгууллагууд, мэргэжилтнүүд энэ талаар болгооно буй за. Тэр тохиолдолд бас нэгэн стандарт боловруулах нь зайлшгүй. Монгол малдаа зориулсан замын стандарттай гэвэл догь биш гэж үү. Дархан-Уулын замд зэрлэг амьтдынхаас гадна малд зориулсан гарц шийдэх боломжийн талаар судалж үзвэл ямар вэ.