Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 16 100 иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн нь нотлогджээ. Мөн уг өвчний улмаас 127 хүн нас барлаа. Энэ нь долоо хоногийн хугацаанд хамгийн олон хүн “Ковид-19”-өөр эндсэн тохиолдол юм. Тэр дундаа есдүгээр сарын 27-нд 19 хүн нас барсан нь хоногт хамгийн олон иргэн коронавирусийн улмаас эндсэн тохиолдол боллоо. Цар тахлын нөхцөл байдлыг өмнөх долоо хоног буюу өнгөрсөн сарын 20-26-ны үзүүлэлттэй харьцуулахад халдвар авсан хүний тоо 3529-өөр буурсан байна. Харин эндсэн хүний тоо 29-өөр нэмэгджээ. Нас барсан иргэдийн 67 нь эмэгтэй, 60 нь эрэгтэй бөгөөд олонх нь 41-ээс дээш насныхан аж. Түүнчлэн 127 хүнээс гурав нь зөвхөн коронавирусийн улмаас энджээ. Харин үлдсэн хувь буюу дийлэнх нь архаг хууч өвчин, “Ковид-19”-тэй хавсарсны улмаас нас барсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн юм. Коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархсантай холбоотойгоор өвчлөл, нас баралт ихэссэн бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг мэргэжлийн байгууллагынхан зөвлөсөөр байна.
Бэлтгэсэн М.Оч