Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч, Британийн “FTSE russell” группээс Монголын хөрөнгийн биржид албан тоот ирүүлжээ. Үүнд Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг “FTSE russell”-ийн хөгжиж буй зах зээлийн (frontier market) зэрэглэлд оруулахаар “ажиглалтын жагсаалт”-д багтаасан тухай дурдсан аж.
Дээрх групп нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зүгээс тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтийн дагуу улс орнуудын зах зээлийг “хөгжиж буй”-гаас “өндөр хөгжсөн” хүртэл үндсэн дөрвөн зэрэглэлээр ангилдаг гэнэ. Улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг жилд нэг удаа тогтоохдоо дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “ажиглалтын жагсаалт”-д оруулдаг байна. Уг үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын зөвлөлийн хороо, олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг багтаасан Бодлогын зөвлөлийн хороо оролцдог аж. Эргэн сануулахад, манай хөрөнгийн зах зээлийг анх 2012 онд дээрх ангилалд багтааж байв. Гэвч 2015 онд төлбөр тооцооны Т+3 системийг урьдчилсан төлбөрт систем рүү буцаан шилжүүлсэн, зах зээлийн төлбөр тооцооны эрсдэлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэгтэй холбоотойгоор 2017 онд тус ангиллаас хассаныг Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ. Мөн дотоодын хөрөнгийн зах зээл 2020 оны гуравдугаар сарын эцсээс төлбөр тооцооны, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Т+2 системд шилжиж, олон улсын хөрөнгө оруулагчдын тавьдаг үндсэн гол шаардлагуудыг хангасан гэв.