Засгийн газар ирэх оны улсын төсвийн тухай болон холбогдох хуулиудын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ төсвийн тухай хуулийг ирэх сарын 15-наас өмнө батлах учиртай. Хэрэв дээр хугацаанд амжиж батлахгүй бол УИХ тарах үндэслэл болох хуультай. Айл өрх ч орлого олж, зарлага гаргадаг. Орлого, зарлагын тэнцлээс ашигтай, эсвэл алдагдалтай байх, эсэх нь хамаардаг. Үүнтэй адил Монгол хэмээх айл орлоготой, бас зарлагатай. Улсын төсвийн орлогыг 15.8 их наяд төгрөг байна гэж тооцжээ. Харин зарлага нь 18.2 их наяд төгрөг гэж төлөвлөсөн байна. Ингэснээр төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болов. Монгол Улсын Засгийн газар ирэх онд дээрх хэмжээний хөрөнгө санхүүг төвлөрүүлж, зарцуулж “амьдарна” гэсэн үг.
Эхлээд төсвийн зарлагын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үзье. Төсвийн зарлага 18.2 их наяд хүрсэн нь энэ оны батлагдсантай харьцуулбал 2.4 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнийг 2020 оны төсвийн гүйцэтгэлтэй харьцуулбал 5.1 их наяд төгрөгийн зөрүү гарч байна. Төсвийн зарлагыг дотор нь урсгал болон хөрөнгийн зардал гэж хоёр ангилдаг. Урсгал зардал 13.3 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2021 оны батлагдсан төсвөөс 300 гаруй тэрбум төгрөгөөр илүү байгаа юм. Тэгэхээр төсвийн урсгал зардал дорвитой өсөөгүй гэсэн үг. Харин хөрөнгийн зардал 1.7 их наяд төгрөгөөр өссөн нь төсвийн зарлагыг тэлэхэд голлон нөлөөлсөн бололтой. Төсвийн хөрөнгө оруулалт 2.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь хөрөнгийн зардлын өсөлтийг нэлээд хэсгийг эзэлж байгаа болов уу. Мөн цар тахалтай тэмцэх санхүүжилт бүрдүүлэхээр улсын нөөцийн санг зузаатгахаар төлөвлөсөн гэж таамаглая. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн дэлгэрэнгүй танилцуулга, тайлбарт зардал огцом өссөнийг тайлбарлаагүй байна. Тиймээс энэ нь хөндөх сэдэв агаад УИХ-ын гишүүд сайтар тодруулан асууж, учрыг нь тунгаана гэж найдъя.
Төсвийн зарлага хэрхэж буйг тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй нь харьцуулж тодорхойлдог арга бий. Төсвийнх нь зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ нэмэгдэх нь таатай үзүүлэлт биш. Энэ нь чөлөөт зах зээлийн эдийн засаг дахь оролцоо буурч, төрийнх нэмэгдэж буйг харуулдаг үзүүлэлт. Манай улсын төсвийн зарлага дотоодын нийт бүтээгдэхүүний 38.8 хувьтай дүйх хэмжээнд хүрэх нь. Ийнхүү үзүүлэлт муудаж байна. Зардал тэлсээр, эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдсээр байна гэж дүгнэж болно. Дэлхийн жишигт төсвийн зарлагын хэмжээ нь тухайн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас доош байвал, бүр цаашлаад 20-д дөхвөл сайн үзүүлэлт гэж үздэг.
Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 15.8 их наяд төгрөг байхаар төлөвлөснийг дээр дурдсан. Уг нь Тогтворжуулалтын сангийн 643 тэрбум төгрөгийг нэмбэл нийт орлого нь 16.4 их наяд болно. Гэвч тэнцвэржүүлснээр тооцож байх нь илүү бодитой. Төсвийн тогтворжуулалтын болон Ирээдүйн өв сангийн орлогыг оруулж тооцоогүйг тэнцвэржүүлсэн гэж албаны нэршлээр тодотгож буйг сануулъя. Энэ оны батлагдсан төсвийн тэнцвэржүүлсэн орлого 12 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнтэй харьцуулбал ирэх жил 3.8 их наяд төгрөгөөр илүү орлого төвлөрүүлнэ гэж Сангийн яамныхан тооцжээ. Мэдээжийн хэрэг төсвийн орлогын дийлэнхийг татвараар бүрдүүлдэг. Нийт 13.9 их наяд төгрөгийн татвар хураана гэж төлөвлөсөн байна. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын алба татвар 2.9, нийгмийн даатгалынх 2.9, нэмэгдсэн өртгийнх 3.4, онцгой татвар 1.1 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлжээ. Уул уурхай хамгийн их татвар бүрдүүлдэг салбар болсон. Уг салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4.3 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ. Ингэснээр төсвийн нийт орлогын 26 хувийг бүрдүүлэх юм байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөөр байгаа. Шинжээчид эрдэс бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд өндөр хэвээр байна гэж төсөөлж буй юм. Тиймээс уул уурхайн салбараас олох орлого бодитой байх магадлалтай. Энэ онд ч уул уурхайн салбар төсвийн орлого бүрдүүлэхэд төдийгүй эдийн засаг сэргэхэд жинтэй нөлөө үзүүлж байна.
…Сангийн яамныхан үүний 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэртэй алдагдал гэж тодотгожээ. Өөрөөр хэлбэл, ирэх жил авч ашиглахаар тохиролцсон гадаад зээлийн хэмжээ нь 1.3 их наяд төгрөг аж. Түүнчлэн Тогтворжуулалтын сангийн 643 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах гэнэ…
Сангийн яамныхан татварын бус орлогоор улсын төсөвт 1.8 их наяд төгрөг төвлөрүүлнэ хэмээн тооцож буй. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдээс “Петрочайна дачин Тамсаг” компани “Тосон-Уул 19”, “Тамсаг 21” талбайгаас, “Доншен газрын тос” нь “Зүүнбаян 97”-гоос газрын тос олборлож буй аж. Нийт газрын тосны 93 гаруй хувийг “Петрочайна дачин Тамсаг”, долоог нь “Доншен газрын тос” экспортолж байгаа гэнэ. Ирэх онд газрын тосны нийт экспортын хэмжээг 6.3 сая баррель байхаар тооцжээ. Мөн нэг баррель газрын тосны үнийг 65 орчим ам.доллар байхаар төсөөлж, нийт 277.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэж үзэж байна. Төсөвт газрын тосноос гадна навигацийн орлогыг төвлөрүүлдэг. Олон улсын нислэгийн тоо 2021 оны түвшнээс өсөхөөр таамагласныг үндэслэн манай улсын газар нутаг дээгүүр дамжин өнгөрөх, буух, хөөрөх агаарын тээврийн хэрэгсэлд үзүүлэх навигацийн үйлчилгээний орлогоор улсын төсөвт 150 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцжээ.
Төрийн өмчит компаниуд ашигтай ажилласан, эсэхээс үл хамаарч, төсөвт ногдол ашиг хэлбэрээр орлого оруулдаг байхаар тусгасан нь өмнө нь байгаагүй сонирхол татах жишиг юм. Олон улсын гэрээ болон тусгайлсан хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, ашигтай ажиллах боломжгүй, үнэ тарифыг төрөөс зохицуулдаг төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд ногдол ашиг хуваарилахгүй юм байна. Бусад нь ногдол ашиг хуваарилахдаа санхүүгийн тайлант жилийн цэвэр ашгийн хэмжээнээс үл хамаарч 50 хувийг нь, эсвэл төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн дүнгээр ногдол ашиг тооцох гэнэ. Ингэснээр 2022 онд 464 тэрбум төгрөгийн ногдол ашгийн орлогыг Ирээдүйн өв сан болон улсын төсөвт төвлөрүүлэх аж.
Төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгтэй дүйхээр тооцсоныг дээр дурдсан. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэх юм байна. Сангийн яамныхан үүний 1.3 их наяд төгрөгийг эх үүсвэртэй алдагдал гэж тодотгожээ. Өөрөөр хэлбэл, ирэх жил авч ашиглахаар тохиролцсон гадаад зээлийн хэмжээ нь 1.3 их наяд төгрөг аж. Түүнчлэн Тогтворжуулалтын сангийн 643 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулах гэнэ. Үүнээс гадна 293 тэрбум төгрөгийн төслийн дэмжлэг авна гэж тооцжээ. Хаанаас дэмжлэг авахаа дурдаагүй байна лээ. Тэгвэл үлдсэнийг дотоодын хөрөнгийн зах зээлд бонд гаргаж, татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй гэнэ.
Ирэх онд төсвийн 2.4 их наяд төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, төсөл, арга хэмжээ санхүүжүүлэх нь. Хөрөнгө оруулалтын 2.1 их наяд нь шууд санхүүжилт хийх мөнгө бол 300 тэрбум төгрөг нь концессын төлбөр байх аж. Төсвийн хөрөнгө оруулалтын 1.7 их наяд төгрөгөөр зам, тээвэр, эрчим хүч, барилгын салбарт бүтээн байгуулалт хийн, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 820 тэрбумаар нэмэгдүүлэхээр тооцжээ. Энэ талаар хожим дэлгэрэнгүй дүн шинжилгээ хийх болно. Сангийн яамныхан уг төсвийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх, танах бодлого баримталснаа дурджээ. Гэсэн ч төсвийн зарлага өсөж, алдагдал нь буурсангүй. Уг нь төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас хэтрүүлэхгүй бол сайн сан. Төсвийн зардал тэлж, төрийн эдийн засагт оролцох оролцоо нэмэгдсээр байна.