Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар хатуу хөл хорионы үел олон хүний бөөгөнөрөл үүсгэж, архидан согтуурч, тэр бүү хэл, биеэ үнэлэгч авсан гэх хэрэгт нэр холбогдсон. Улмаар энэ талаарх бичлэг нь олон нийтэд ил болсон билээ. Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд “Ажлын байр, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, үлгэрлэх ёстой”, “Ажлын бус цагаар ч бусдад буруу ойлголт төрүүлж болохгүй” хэмээн тусгасан байдаг. Тиймээс Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо 2021 оны тавдугаар сарын 25-нд хуралдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт сахилгын шийтгэл ногдуулсан юм. Тодруулбал, Шүүхийн ёс зүйн хорооны хурлаар Х.Идэр, Д.Отгонбаатар нарын шүүгчийн эрхийг хурааж огцруулах, Д.Болдбаатарын цалинг зургаан сар 30 хувиар хасах шийтгэл ногдуулсан. Тэгвэл дээрх нэр бүхий шүүгч нар Шүүхийн ёс зүйн хорооны 68 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дээрх гомдлыг хэлэлцээд Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хорооны 2021 оны тавдугаар сарын 25-ний 68 дугаар магадлалыг хүчингүй болголоо. Өөрөөр хэлбэл, шүүхээс энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо нь бичлэгийг нотлох баримтын шаардлага хангасан, эсэх талаар дүгнээгүй, нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоогоогүй, тодорхой, нэгбүрчлэн дүгнэлт өгөөгүй, зөрчлийг хянан шалгах ажиллагаа дутуу хийсэн гэж дүгнэлээ. Тиймээс 68 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.