Коронавирусийн нөлөөгөөр олон үйлчилгээ цахим хувилбарт шилжээд байна. Хүмүүс гэрээсээ дэлгүүр “хэсэж”, кинотеатрт “зочилж”, сургалтад хамрагдаж, музей үздэг болов. Энэ хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн нэгэн үйлчилгээг “Гүүгл” бий болгоод удаж буй нь виртуал аялал. Эл системийн “Урлаг ба соёл” санд гэхэд байгалийн дурсгалт, үзэсгэлэнт 10 мянга гаруй газар, 500 музей, 2000 орчим цуглуулга бий. Өөрөөр хэлбэл, тэдгээрийг дэлхийн хаанаас ч, хэдийд ч үзэх боломжтойгоор цахимд байршуулсан гэсэн үг. Хамгийн сүүлд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан (өнгөрсөн сарын 27-нд) соёлын өвийн 37 дурсгалыг AR (программ хангамжийн тусламжтай бүтээсэн хагас бодит орчин) хэлбэрт хувирган, дээрх санд байршуулжээ. Ингэснээр ХБНГУ-ын Берлин хот дахь Бранденбургийн хаалга, Мексик дэх маяачуудын пирамид зэрэг сонирхолтой, үнэт үзмэрийг хүссэн газраасаа сонирхох боломж бүрдүүлжээ.