Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцох, бүрэн бус техник ашиглах, хурд хэтрүүлэх зэргээс үүдэлтэй зам, тээврийн осол буурахгүй байна. Ослын улмаас энэ сарын 28-29-ний хооронд зургаан хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутагт унадаг дугуйтай явсан хүн ачааны автомашинд мөргүүлж нас барсан бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт суудлын “ГАЗ-2410” загварын автомашин ус руу онхолдож жолооч, 52 настай Э, зорчигч 44 настай Б нар амиа алдсан байна. Тэд Багануур дүүргийн харьяат бөгөөд самар түүхээр явсан, согтуу байсан гэдгийг амьд үлдсэн нэг зорчигч нь баталсан аж. Түүнчлэн Баянхонгорын Өлзийт, Дорнодын Хэрлэн сумын нутагт улсын дугааргүй мотоцикл онхолдож, тэдгээрийг жолоодож явсан хүмүүсийн амь хохирсон байна. Мөн Завханы Идэр сумын нутагт суудлын автомашин онхолдож, зорчигч нь амиа алджээ.
Бэлтгэсэн Р.Орчлон