Сонгуулийн ерөнхий хорооноос өчигдөр УИХ-ын 18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгуулийн саналын хуудсыг тус аймгийн Сонгуулийн хорооныхонд хүлээлгэн өглөө.
Түүнчлэн УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн ил тод, нээлттэй байдлыг хангах, бүх шатны сонгуулийн хороод сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн дагуу явуулж байгаа, эсэхэд ажиглагч чухал үүрэгтэй. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, эсвэл нэр дэвшигч нь нэг санал авах байранд дөрөв хүртэл ажиглагчийг томилон ажиллуулах эрхтэй.
Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 29 дүгээр тогтоолоор баталсан Сонгууль ажиглах нийтлэг журамд заасны дагуу ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтээ харьяалах хэсгийн хороонд энэ сарын 5-наас өмнө хүргүүлэхийг нам, эвсэл, нэр дэвшигчдэд сануулж, холбогдох мэдээлэл бүхий албан бичгийг сонгуулийн төв байгууллагаас хүргүүлжээ. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороодод нам, эвсэл, нэр дэвшигчээс томилсон ажиглагчдыг хуульд заасан эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагааг ажиглах боломжоор хангах, тэднийг бүрэн оролцуулахад анхаарч хамтран ажиллах чиглэл өгөв. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасанчлан ажиглагч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын болон гадаадын иргэн байж болно. Харин нэр дэвшигч, төрийн албан хаагч ажиглагчаар ажиллахыг хуулиар хориглодог.
Түүнчлэн энэ удаагийн нөхөн сонгуулийг цар тахлын үед зохион байгуулж байгаа тул УОК-оос гаргасан чиглэлийн дагуу Засгийн газрын 2021 оны 152 дугаар тогтоолоор баталсан Коронавируст халдвар “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх түр журмыг мөрдлөг болгон ажиллах юм. Халдварын улмаас тусгаарлагдан, эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг нь авна. Иймд 18, 28 дугаар тойргийн сонгогч дээрх шалтгаантай бол харьяа хэсгийн хороо, тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд хандаж, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлтээ энэ сарын 6-ны 17.00 цагаас өмнө гаргах боломжтой юм байна.
Бэлтгэсэн У.Наран