Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших Баянзаг хэмээх шаварлаг хурдас бүхий газрыг дэлхийн түүх, соёл, шинжлэх ухааны өлгий гэлцдэг. Судлаач, эрдэмтэд тэндээс амьтан, ургамлын чулуужсан олдвор цөөнгүйг илрүүлсэн. Үлэг гүрвэлийн мөр бүхий хурдас энэ бүсэд хай сайгүй байдаг учир гадаадынхан зорьж ирж, үзэх нь олонтоо. Ази, Европыг холбосон цайны замын нэгээхэн хэсэг энэ нутгаар дайрч өнгөрдөг. Тиймээс тус аймгийн ЗДТГ тухайн хэсгийг тусгай хамгаалалтад авч, аялал жуулчлалын бүс болгох зорилгоор өнгөрсөн онд тохижуулсан юм.
Үлэг гүрвэлийн мөр харах, газар орны онцлогтой танилцах гүүр бүхий тусгай замыг Баянзагийн хөндийд тавьсан бөгөөд кино, үзвэр, сургалтын танхим, байгаль орчны мэдээллийн төв байгуулсан. Тохижуулаад жил ч болоогүй эл хөндийг хэд хоногийн өмнө хэсэг залуус дураараа туучиж, багагүй хохирол учруулжээ. Хурд, хүч ихтэй мотоцикл, автомашин хөлөглөсөн залуус замын хашлага, гүүрийг эвдээд зогсохгүй палеонтологийн дурсгал бүхий ул мөрийг сүйтгэсэн байна. Ирэх оны хавар мэргэжлийн хүмүүсээр хамгаалуулахаар төлөвлөсөн, өвсөн тэжээлт Протоцератопс (үлэг гүрвэл)-ын үүр дээгүүр давхилдаж, тээврийн хэрэгслийн мөр үлдээжээ.
“ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр зүтгэж буй газрыг минь сүйдэлж орхилоо” хэмээн халагласан “Баянзаг-Улалзах цонж” НҮТББ-ынхнаас зөрчил үйлдсэн залуучуудыг илрүүлж, арга хэмжээ авсан, эсэхийг тодруулахад “Өмнө нь ийм зөрчил хэд хэдэн удаа гарсан. Тэр бүрт чимээгүй өнгөрөөдөг байлаа. Хойшид давтагдуулахгүйн тулд энэ удаа холбогдох байгууллагад мэдэгдлээ. Зөрчил гаргасан хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан тогтоосон. Соёлын өвийг хамгаалах болон Зөрчлийн тухайн дагуу арга хэмжээ авч, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр болсон” гэв.
Бэлтгэсэн Ж.Мишээл