НИТХ-ын IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэхийн тулд Амгалан станцыг өргөтгөх шаардлагатай байгааг холбогдох албаныхан тайлбарлалаа. Мөн инженерийн шугам сүлжээг шийдэх, орон сууцны борлуулалтыг дэмжих чиглэлд анхаарснаар гэр хорооллын дахин төлөвлөлт эрчимжиж байгааг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тодотгосон. Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйн дээр газар эзэмших, ашиглах, өмчлөх зөвшөөрөл авах, төлбөр төлөх гэхчлэн газартай холбоотой бүхий л үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа зэргээс шалтгаалан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна. Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газрын асуудал болоод нийслэл хотод иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эдэлбэр газрын хэмжээ, байршлыг нэмэгдүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны байршлыг шинээр нэмэх, газрын зөрчил арилгаж, газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлан НИТХ-ын тогтоол гаргалаа.