“Лос-Анжелес лейкерс” багийн лидер Л.Жэймс гэр бүлийнхэн болоод найзуудынхаа сайн сайхны төлөө коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн гэж мэдэгдлээ. “Би вакцины талаар анхандаа тун сөрөг бодолтой байсан ч энэ талаар судалсны эцэст хийлгэх нь надад, гэр бүл, найзуудын минь эрүүл мэндийн хувьд хамгийн зөв шийдвэр гэдгийг ухаарсан. Тийм учраас л би вакцин хийлгэсэн” хэмээн Леброн ярьсан байна.
NBA-ийн 2021-2022 оны улирал ирэх сарын 19-нд эхлэх бөгөөд вакцин хийлгээгүй цөөнгүй тоглогч зарим мужийн шаардлагын улмаас тэмцээнд оролцох боломжгүй болоод буй. Тэдгээр тоглогчийн тоонд К.Ирвин, Б.Бийл, Э.Виггинс нар оржээ. Гэхдээ NBA-ийн тоглогчдын 90 хувь нь вакцинд хамрагдсан гэсэн тооцоо байна.
Л.Жэймс энэ талаар “Би бусад хүн болон тэднийг юу хийх ёстой талаар ярьдаггүй. Хүмүүс бие махбод, аж амьдралаа хэрхэх талаарх ярианд оролцох нь зөв гэж би боддоггүй. Бид улс төр, арьс өнгөөр ялгаварлах үзэл, цагдаагийн харгислалын тухай бус, хүний биеийн талаар ярьж байна. Би өөрийн болоод гэр бүлийнхээ төлөө ямар шийдвэр гаргаснаа мэднэ. Харин бусдын сонголтын тухай ярих нь миний ажил биш” гэжээ.