2021 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 05 цаг 45 минутанд “Манай гэрийг гаднаас нь цоожлоод шатаасан байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид хэргийн газарт шуурхай очсон байна.
Чингэлтэй дүүргийн 9-р хороонд оршин суух С нь бага охин Н, том охин М-ийн хүүхдүүдийн хамт дөрвүүлээ унтаж байсан аж. Гэтэл бага охин Н нь үүрээр "Ээж ээ утаа үнэртээд байна” хэмээснээр тэд сэрж гарах гэтэл хаалга нь гаднаасаа цоожтой байсан гэнэ. Тэд хаалгаа эвдэн гэрээсээ гарцгааж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна.
Хэргийг шалгах явцад урьдчилсан байдлаар том охин М-ийн танил 27 настай З гэгч нь С, Н, А, Н нарыг монгол гэрт унтаж байхад нь хувийн өс хонзонгийн сэдлээр гэрийн хаалгыг гаднаас нь цоожлон, санаатайгаар галдан шатаасан байж болзошгүй нөхцөл тогтоогдсон байна. Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс сэжигтнийг саатуулж, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэллээ.