Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийгээгүй хэрнээ хийсэн мэтээр тайлбар бичин хуурамч дүгнэлт гаргаж, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгодог нөхөн төлбөрийг гаргуулах гэсэн эмч нар ял шийтгүүлэв.
“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан Д ажлын бус цагаар нас баржээ. Гэвч сарын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан хүний нөхөн олговор олгод гийг санаж хөөцөлдсөн байна. Нөхөн олговор авахад талийгаач мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан гэдэг баримт, баталгаа шаардлагатай болдог.
Тиймээс тэд Д-д задлан шинжилгээ хийлгэсэн гэх дүгнэлт гаргуулах тухай зөвлөгөөг Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээ, оношлогоо, чанарын хяналтын улсын байцаагч, найз О-гоос авчээ. Улмаар тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Эмгэг судлалын тасгийн эмч Ц-тэй тохиролцон гаргуулжээ. Задлан шинжилгээний хуурамч тэмдэглэл үйлдэж өгснийх нь хариуд иргэн О эмч Ц-д 300 мянган төгрөг өгсөн аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд энэ хэргийг шалгаж, тэдний гэм буруутайг тогтоосон бөгөөд саяхан Сум дундын шүүхээр хэлэлцэн ял шийтгэжээ.
Шүүхийн шийдвэрээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч О-г хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн хэмээн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмч Ц-г үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хоёр жилийн хугацаагаар хянан харгалзахаар болжээ. Мөн эмчээр ажиллах эрхийг нь нэг жилийн хугацаагаар хассан байна.
Иргэн О-г 5.6 сая төгрөгөөр торгохоор болж, авлига болгож өгсөн 300 мянган төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.