Нууцлаг, зүсээ хувиргаж танигдашгүй болдог алуурчин эмэгтэйн араас Америк, Английн цагдаа нар 12 жил хөөцөлдөөд яаж ч чадалгүй алдаж, тэрбээр хэргээ хүлээлгүй өөрийгөө егүүтгэжээ. Түүний өдүүлсэн хэрэг 1990 оны зуны явдал юм.
Беверли Энн Макгоуэн гэдэг бүсгүй Америкийн Флорида мужийн Помпано-Бич гэдэг хотод амьдарч, банканд ажиллаж байхдаа мөнгө хуримтлуулах зорилгоор байраа зарахаар шийдэж хэвлэлээр зарлав. Зарын дагуу хандсан Элис гэдэг бүсгүй Англиас шилжиж ирээд удаагүй нэгэн байлаа. Тэд уулзаж ярилцах зуур Элис “Зурхай сонирхдог, өөрийн амьдралтай холбоотой хэд хэдэн тоо хэлбэл түүгээр ирээдүйг чинь урьдчилан хэлж чадна” гэж хэлжээ. Тэгээд Макгоуэн иргэний болон жолооны үнэмлэхийн дугаар хэлж өгөхөд дөчин нас хүрээд санхүүгийн бэрхшээлгүй болж, нөхөр болох хүнтэйгээ учирна гэж Элис хэлсэн байна. Макгоуэн найз нар руугаа ихэд баяртай утасдаж, долдугаар сарын 17-нд шинэ танил нь ирнэ гэж дуулгав. Маргааш нь найз нар нь түүн рүү залгахад хариу өгсөнгүй. Ажил ихтэй байгаа биз дээ, зав нь гарахаар хариу өгнө байх гэж тайтгарсан ч Майами хотын шуудангийн тамга дарсан захидал хүлээж аваад сэтгэл нь түгшицгээв. Уг захидалд “Макгоуэн ажлаасаа халагдаж, байраа зарна, тэгээд аялалд явна” гэсэн байж. Макгоуэнийг сайн мэдэх нөхөд нь түүнийг аливаад ингэж хандахгүй хүн, нэг л сэжигтэй байна гэсэн дүгнэлт хийжээ. Ах, эгч нар нь гэрт нь очвол хэн ч байхгүй, утсаа салгаад төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ авсан бололтой, муурнууд нь ч байхгүй, машин нь ч байсангүй. Макгоуэн аялалд явсан, шинэ амьдрал эхлүүлжээ гэж бодогдохоор байлаа. Долдугаар сарын 19-нд загас барихаар явсан нэгэн эр шуудайтай зүйл олсон нь хүн танихааргүй болгосон эмэгтэй хүний цогцос байв. Гэдэс орчмын арьснаас хэсгийг огтолж авсан байсан нь гэмт этгээд мөрөө баллахын тулд хийсэн үйлдэл бөгөөд тэнд шивээс байсныг хожим мэдсэн аж. Хөл дээр нь жижиг цэцэг шивснийг алуурчин анзааралгүй үлдээсэн байв. Хэдхэн хоногийн өмнө алга болсон гэж зарласан Беверли Энн Макгоуэний цогцос болохыг мэдэхэд энэ хангалттай баримт болсон байна. Түүний дансанд байсан 800 ам.доллар мөн цогцсыг олсон өдөр алга болжээ. Саяхан хөрш нь болсон цайвар үстэй британи эмэгтэй Элис гол сэжигтэн боллоо. Цагдаа нар түүний мөрөөр орох гэж хичээж байх хооронд энэ бүсгүй 23-нд Майами хотоос Лондон орохоор нисэв. АНУ-аас Лондонд ирсэн бүх хүний баримт материалыг цагдаа нар шалгаад Элис нь Сильвия Энн Хожкинсон нэрээр нуугдаж байна гэсэн дүгнэлт хийв. Сэжигтэн аравдугаар сард Лос-Анжелест ирэх хүртэл цагдаа нарын ажил хэдэн сар урагш муутай байлаа. Гэлээ ч тэр эмэгтэй Америкт ирмэгцээ Шарлотта Коуэн нэртэй болж цагдаа нарыг бас л молигодож орхих нь тэр. Тэрбээр энэ нэрээрээ машин түрээсэлсэн аж. Ийнхүү алуурчин эмэгтэй цагдаа нараас ямагт түрүүлж алхаад байсан тул дахиад л түүний мөрийг алдчихав. Хулгайн дугаартай, түрээсийн хугацаа нь хэтэрсэн машин дотор унтаж байсан эмэгтэйг 1991 оны тавдугаар сард Майамид саатуулагдахад Хожкинсон, Коуэн гэсэн нэртэй баримт бичиг түүнээс олджээ. Түүнийг эрж хайж буй алуурчин нь гэх бодол хэний ч толгойд орсонгүй, барьцаа аваад явуултал сураггүй алга болжээ. “British Airways” компаниас бичиг баримт гаргуулсан авснаар 1992 оны нэгдүгээр сараас мөрдөн шалгах ажил байрнаасаа арай гэж нэг юм хөдлөв. Элис, Коуэн, Хожкинсон гэх мэтээр нэрлээд байсан хүүхэнд бас Элейн Пэрент гэсэн нэр бий юм санж. Сильвия Энн Хожкинсон гэгч нь Лондонд төрсөн, ачааны машины жолоочийн охин байж. 1985 онд нөхөр нь өөд болж, өөрөө 1986 оноос сураггүй болсон аж. Шарлотта Коуэн гэх эмэгтэй Флоридагийн баруун эрэгт амьдарч байв. Тэрбээр амьд, сэтгүүлчтэй ярилцсанаас нь үзвэл 1986 онд Орландо хотод Элейн Пэренттэй танилцжээ. Тэд ярилцаж суугаад Пэрент нь зурхайч гэдгээ хэлсэн байна. Ирээдүйгээ харуулах хорхой Коуэнд хүрч, жолоочийн үнэмлэхийн дугаар, төрсөн он, сар, өдрөө бүр цагтай нь түүнд хэлж өгчээ. Пэрент ирээдүйн чинь зам их сайхан байх нь гэсэн аж. Тэгж байтал Пэрент хэсэг алга болсноо нэг өдөр утасдаж “Авга эгч нь нас барж, түүний өв хөрөнгийг ганцаар эзэмшихийн тулд ах нь минь намайг хэвтүүлчихлээ” гэж хэлжээ. Үүнээс сар орчмын дараа нэг шөнө нөгөө Пэрент чинь сахал наачихсан Коуэнийд хүрч ирж гэнэ. Тэгээд ахаасаа нуугдах үүднээс Коуэний төрсний гэрчилгээг авч түүгээр өөрийн гэсэн бичиг баримттай болох хэрэгтэй байна хэмээсэн байна. Коуэн ч зөвшөөрөв. Хэдэн долоо хоногийн дараа төрсний гэрчилгээг нь шуудангаар буцааж явуулчихаад чимээ тасарчээ.
Эрэн хайгчид Макгоуэний гэрээс ямар нэг баримт сэлт олох горьдлого тээсэн ч алуурчин өөгүй ажиллаж, тэнд хурууны хээ ч, үс хялгас ч, ул мөр гэхээр юм ер үлдээсэнгүй. 30 жил гэмт хэрэгтний араас хөөцөлдсөн түрүүч Жорж Миллер “Миний бодлоор энэ бол хамгийн айхтар гэмт хэрэгтнүүдийн нэг. Маш ухаантай, болгоомжтой, тун аюултай” гэж хэлсэн байдаг.
…Тэр хоёр эмэгтэй1985 оны орчимд танилцсан бололтой. Чухам энэ үед Пэрент 39 настай Сильвия Энн Хожкинсонтой дотносжээ. Нэг жил шахам өнгөрөхөд Хожкинсон ор мөргүй алга болж, Пэрент түүний нэрээр иргэний үнэмлэх авч таван жил амьдрав. Нэрийг нь нууцалсан, бизнес эрхлэгч эмэгтэйтэй Пэрент 1991 он болтол буюу Макгоуэнийг алчихаад сэжигтэн Их Британид буцаж иртэл харилцаатай байжээ. Пэрентийн тэвчишгүй зан авир, ер бусын хийрхлээс болж тэдний харилцаа муудсан байна. Пэрент амийг нь хөнөөхөөр заналхийлээд зогссонгүй нохойг нь хулгайлж, оронд нь мөнгө нэхэв. Хөндлөнгөөс ажиглахад дүрмийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй тоглоомоор Элейн Пэрент эрх баригчидтай тоглоод байлаа. 1998 онд тэрбээр өөрийн тосон будган хөргийн ар дэр “Хамгийн сайн сайхныг хүсье, Таны Хамелеон (өнгө зүсээ хувиргадаг, мөлхөгч амьтан) гэж бичээд Флорида мужийн тэргүүлэх мөрдөгчид илгээсэн байна. Энэ үйлдлийг шүүхийн сэтгэл судлаач Барбара Кирвин “Би амьд, эрүүл саруул байна. Намайг олж хэзээ ч чадахгүй ч гэсэн оролдоод үз” гэж үүгээрээ хэлж, биднээр даажигнаж байна хэмээн тайлбарлажээ.
Цагдаа нар түүнийг цөхрөлтгүй эрж хайсан 12 жилд Пэрент өнгө зүсээ хувиргаж, янз бүрийн хүний бичиг баримт ашиглаж, байнга хэрэн тэнүүчилж явсан байх юм. Пэрент нэрийг нь ашигласан хүмүүсээс дор хаяж долоо нь сураггүй алга болжээ. “Миний мөрдөж байсан хэргүүдээс хамгийн төвөгтэй нь энэ. Бид түүнээс ядаж хэд хоног, цаашлаад сар, жилээр хоцорч байсан. Тэр нүүр царайгаа хувиргахдаа мастер, 20 гаруй хуурамч баримт бичиг ашиглаж байсны нэлээдийг нь хулгайлсан байдаг. Лондон, Парис, Турк, Австрали, Өмнөд Африкийн БНУ-д хүмүүс түүнийг харсан байсан” гэж Макгоуэнийг амиа алдсанаас хойш Пэрентийн хэргийг мөрдөн шалгасан Нора Пфайфер ярьдаг байсан гэдэг. Цөхөрсөн хайгчид 2002 оны дөрөвдүгээр сарын 6-нд “Америкийн хамгийн их эрэн хайж буй хүмүүс” гэсэн нэртэй Элейн Пэрентийн тухай нэвтрүүлэг телевизээр цацсан байна. Үүний дараахан хүмүүс уг нэвтрүүлгийн мөрөөр хандаж Флорида мужийн Панама-Сити хотод нөгөө Пэрент чинь байна гэх мэдээлэл өгсөн аж. Цагдаа нар авсан хаягаараа давхиж очвол эрж байгаагаас нь огт өөр эмэгтэй хаалга нээж өгчээ. Гэлээ ч түүнийг хэсгийн цагдаагийн газарт аваачиж байцаахааар шийдэв. Эмэгтэй ч явахаар зэхэж хувцсаа солих болж цаашаа нэг өрөөнд оржээ. Энэ хооронд цагдаагийн ажилтан баримт бичгийг нь нарийвчлан үзэж байлаа. Тэгээд өрөөний нь хаалгыг цохитол буун дуу тасхийв. Эмэгтэй өөрийгөө буудчих нь тэр. Тэрбээр хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээснээс нууцаа хадгалсаар хорвоог орхихоор шийдсэн аж. Цагдаа нар гэрт нь нэгжлэг хийж зүсээ хувиргахдаа өмсдөг эрэгтэй, эмэгтэй хүний хувцас, нүүрээ хэрхэн будах тухай ном, франц хэлний сурах бичиг, тэмдэглэлийн дэвтэр, зээлийн карт… зэргийг олсон байна.
Хамгийн сонирхолтой нь Пэрентийн фото зураг бүхий “Эрэн сурвалжилж байна” гэсэн бичигтэй, Антония Райз-Ормонд гэсэн нэртэй зурагт хуудас байлаа. Вашингтоны нэгэн зочид буудлаас цогцсыг нь олсон “өндөр албан тушаалын хүн”-тэй холбоотойгоор энэ эмэгтэйг эрэн хайж байна гэж тэр хуудас дээр бичсэн байв. Бодвол хэн нэгнийг л айлгахад Пэрент энэ зурагт хуудсыг ашиглаа биз. Олон жил өнгөрсөн ч Элейн Пэрентийн үнэн түүх нууц хэвээр үлдлээ. Түүний төрсний гэрчилгээ гэх зүйл олдсонгүй. Лавлах материалд байгаагаар бол 1942 онд Нью-Йоркийн Бронкс дүүрэгт төрсөн Элен Антуанетт Пэрент гэж эмэгтэй байжээ. Эцэг нь өмгөөлөгч, эх нь түүнийг өсгөж торинуулсан байна. Пэрент 30 нас хүрээд Флоридад очиж, гурван жилийн дараа дэлгүүрээс хулгай хийгээд анх цагдаагийн хэсэгт хүргэгдэж байжээ. Гэхдээ Элейн Антуанетт Пэрент нь баригдахгүй байсан алуурчин эмэгтэй мөн гэдгийг батлах ганц ч нотолгоо олдоогүй юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант