Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт үүрэг гүйцэтгэж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөн, буу, байлдааны сумтай оргосон хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд гарч, олныг цочирдуулж, цэргийн алба хаагчдыг офицер, ахлагч нар нь дэглэсэн, эсэх маргааны нэг шалтгаан болсон билээ. Энэ хэргийг Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж дуусаад Прокурорын газраас нь яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүгч хавтаст хэрэгтэй танилцаад гэм бурууг нь дэнслэх шүүх хурлыг өнөөдөр 10.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.
Дээрх цэргийн ангид Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн, 19 настай О.Хатантэнгис, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас татагдсан Т.Мөнгөншагай нар уг хэргийг үйлдэн зугтаж, замдаа малчин Т.Мөнхбатынхаас мотоцикл, хүнс дээрэмдсэн. Улмаар Аж богдын нурууны салбар Зөөлөн богд ууланд бүгж байгаад ар гэрийнхэнтэйгээ холбоо барьснаар ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүй дөрөвдүгээр сарын 11-ний өглөө уулнаас буухад нь хууль сахиулах байгууллагынхан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн.
Тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Сайнхүү хяналт тавьсан бөгөөд Эрүүгийн хуулийн 10.1-2.4 дэх хэсгийн “Өөр гэмт хэргийг хялбарчлах, нуун далдлах зорилгоор хүний амь бүрэлгэсэн”, 17.2-3.2-т заасан “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж эд хөрөнгө дээрэмдсэн”, 28.5-1-ийн “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан”, 28.7-2-ын “Цэргийн алба хаагч өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодисыг үрэгдүүлсэн”, 28.15-1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хил хамгаалах манааны бүрэлдэхүүнд орсон цэргийн алба хаагч хил хамгаалах хууль, түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Даргынхаа аминд хүрсэн О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нарт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр нийт зургаан өмгөөлөгч хуралд оролцох аж.
Эх сурвалжуудын өгүүлснээр байлдагч О.Хатантэнгис, Т.Мөнгөншагай нар харуулын дарга Г-ыг хөнөөгөөд байлдааны АКМ загварын хоёр буу, байлдааны 42, сургалтын 25 сум, талийгаачийн болон хамт цэргийн алба хааж байсан байлдагч Т-гийн гар утсыг нь авч зугтсан. Улмаар ууланд бүгсэнийхээ дараа байлдагч О.Хатантэнгис эгч, ах руугаа залгаж, “Би даргыгаа хөнөөгөөд ууланд нуугдаж байна, амиа хорлочих уу” гэсэн утгатай зүйл ярьсан гэдэг. Ах, эгч нар нь “Тэгж болохгүй, аав ээж чинь өглөө очно ямар нэг муу зүйл хийж болохгүй” хэмээн ятгаж ойлгуулсан бол Т.Мөнгөншагайгийн ээж нь “Хүүдээ хайртай, цагдаа нарын өөдөөс буудаж болохгүй. Буугаа хаяад цагдаа нар руу оч” гэж авч явсан утсууд руу нь залгаж хэлсэн. Мөн О.Хатантэнгисийн ээж аав, эмээ өвөө нь Алтай сум руу очиж, утсаар ярилцаж ятгаж ойлгуулснаар хоёр байлдагчийг ямар нэг эрсдэлгүй саатуулсан билээ.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар дарамт шахалт байснаас болсон хэмээн үзэх хүн олон. Хилийн 0214 дүгээр ангийн … дугаар заставт хугацаат цэргийн алба хаагчдыг дэглэсэн, биед нь халдсан тохиолдол нэг бус гарсныг тэнд алба хааж буй цэргүүд өгүүлсэн нь ч бий. Тухайлбал, заставын орлогч, дэслэгч Б.С, харуулын дарга, дэд ахлагч Д.Б, салааны дарга, ахлах ахлагч Б.А нар цэргүүдээ хориотой газар тамхи татсан, хоорондоо муудалцсан, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэлгүй тушаал зөрчсөн, заставын ажилчдын байрнаас эд зүйл алдагдсан, манаанд гараад байхдаа унтсан, цэргийн байранд гар утас хадгалсан, цэвэрлэгээ муу хийсэн гэх зэрэг шалтгаанаар 2020 оны арваннэгдүгээр сараас хойш энэ оны хоёрдугаар сарын хооронд нэг бус удаа гар хүрч, бас өөр аргаар дэглэж байсан гэнэ. Харин талийгаач Г-ыг цэргүүдээ зодож байгаагүй хэмээн ярьсан байдаг. Шүүх хурлын явцад талийгаач Г-ыг ямар шалтгааны улмаас хөнөөсөн нь тодорхой болох юм.
Байлдагчдын нэг О.Хатантэнгисийн аав нь цагдан хоригдсон хүүтэйгээ нэг л удаа уулзсанаас хойш холбоо тасарсан, шүүх хурлын тов хүлээж суугаа хэмээн хэдхэн хоногийн өмнө ярилцлага өгсөн. Хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас байлдагч нарыг ар гэрийнхэнтэй хэчнээн удаа уулзуулсныг тодруулахад “О.Хатантэнгис 14, Т.Мөнгөншагай есөн удаа ар гэрийнхэнтэйгээ уулзаж, эргэлт авсан” хэмээн мэдээллээ.
Бэлтгэсэн Г.Орчлон