Хар тамхи борлуулдаг гадаад, дотоодын иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид илрүүлсний дотор Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал багтсан. Хууль сахиулагчид 2020 оны нэгдүгээр сард илрүүлсэн уг хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 5-нд хэлэлцэн ял шийтгэсэн билээ. НПГ-аас Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр, БНХАУ-ын иргэн Нарангаова, Лай Фужун нарт Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан”, өмнөд хөршийн иргэн Лай Фужунд мөн хуулийн 24.3-1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, хадгалсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн. БНХАУ-аас хар тамхи оруулж ирж зарсан гэх өвөрлөгч эмэгтэй Нарангаова, хятад иргэн Лай Фужун нараас У.Анхбаяр гэх залуу мансууруулах бодис авсан юм. У.Анхбаярыг саатуулах үед дэд сайдын охин Б.Буянжаргал хамт байсан бөгөөд шинжилгээ хийхэд мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм билээ. Уг хэргийг шүүх хэлэлцээд У.Анхбаярт хоёр жил таван сар, Лай Фужунд химийн хорт бодис хууль бусаар нэвтрүүлж, хадгалсан үйлдэлд нь нэг, хар тамхи хилээр оруулж борлуулсан хэрэгт нь хоёр жил таван сар хорих, Б.Буянжаргал, Нарангаова нарт хорих ял оноохгүйгээр гурван жил тэнсэн харгалзах ял шийтгэсэн. Шүүгдэгч У.Анхбаяр, Б.Буянжаргал нар өмнө нь 2015 онд хар тамхи хэрэглэсэн, хууль бусаар олж авсан хэрэгт холбогдон дэд сайдын охин нь тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн бол У.Анхбаяр нь хорих ял эдэлсэн байдаг.
Анхан шатны шүүхийн эл шийтгэх тогтоолын зарим хэсэг буюу Б.Буянжаргал, Нарангаова нарт холбогдох заалтыг прокурор эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан аж. Тус шүүхийнхэн өнгөрсөн долдугаар сард прокурорын эсэргүүцлийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхгүй гэж шийдвэрлэснээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин ял шийтгэхээр болжээ.
Бэлтгэсэн Г.Равжаа