“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон мөн дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан Д.Баасанжав нарыг мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусжээ. Өдгөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр болоод буй ч “Ковид-19” өвчин, бусад шалтгааны улмаас хойшлуулаад байна. Д.Мөнхбат эмчийн хувьд “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжийг завшсан хэрэгт холбогджээ.
Улмаар ГССҮТ-д хамт ажиллаж байсан эмч Д.Баасанжавтай хамтран уг завшсан тоног төхөөрөмжийг өөрсдийн байгуулсан “Эм Би Жи мед” компанийн хөрөнгө мэтээр бүртгэсэн гэнэ. Ингэж гэмт хэргийн замаар олсон хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдалсан хэмээн хууль сахиулагчид буруутгаж байгаа юм билээ. Түүгээр ч зогсохгүй уг тоног төхөөрөмжүүдээ Худалдаа хөгжлийн банкны барьцаанд тавьж 4.9 тэрбум төгрөг зээлж, мөнгө угаасан хэрэгт холбогдсон байна.
Тиймээс НПГ-аас Эрүүгийн хуулийн 17.4-2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан”, 18.6-2.2 дахь хэсгийн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт бичсэн байна.
Бидэнд олдсон мэдээллээр эрүүл мэндийн шинжлэх ухааны орчин цагийн ололт, нээлтийн үр дүнд бий болсон MRI, компьютерт томограф гээд олон төрлийн тоног төхөөрөмжийг нь солонгосчуудаас завшсан хэрэгт дээрх нэр бүхий хоёр эмч холбогдсон аж. Хохирогч, түүний өмгөөлөгч талынхан “Монголчууд ийм замаар бусдын эд хөрөнгийг завшаад байвал гадаадын хөрөнгө оруулалт яаж орж ирэх вэ дээ” хэмээн халаглаж суугаа юм билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа