Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээн авснаар Шүүхийн тухай хууль саадгүй хэрэгжихээр боллоо гэлцэж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулахаар өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэл ажлыг хангаж байтал УИХ-аас томилох нийт 10 хүний тухайд Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтээс үүдэн саатсан. Уг нь шүүхийн эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэх Шүүхийн ерөнхий зөвлөл, тэдний алдаа, оноог дэнслэх Шүүхийн сахилгын хороог долдугаар сарын 1 гэхэд байгуулчих байв.
Одоо УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, тэндээс бүртгэсэн 50 гаруй нэр дэвшигч, тэдний талаар иргэд, олон нийтээс санал, шүүмжлэл, байр суурийг нь сонсох ажлаа эхлүүлэх учиртай. Улмаар УИХ томилгооны сонсгол зохион байгуулан, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар нэгбүрчлэн хэлэлцэж, олонхын санал авсан нэр дэвшигчийг томилох юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь өмнөх хуулиар таван гишүүнтэй байсан бол одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй болгож, тавыг нь нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр УИХ-аас томилох гэж байгаа юм. Тэдгээр таван гишүүнийг “шүүгч бус” хэмээн тодорхойлж буй. Шүүхийн сахилгын хорооны тухайд ч адил. Хэдийгээр тус хорооны гишүүдийн тоо өөрчлөгдөөгүй, есөн хүний бүрэлдэхүүнтэй хэвээрээ ч шүүгч бус тавыг нь дээрхийн адил нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилно.
Хэдийгээр УИХ-аас томилох ажил гацсан ч бусад бүрэлдэхүүний сонгон шалгаруулалт үргэлжилж байсныг тэмдэглэх нь зүйтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлж, 18 хүн хүсэлтээ ирүүлээд буй аж. Өөрөөр хэлбэл, тус зөвлөлийн 10 гишүүнийг сонгохын тулд эрх бүхий хүмүүс нь 47 хүнээс шүүрдэж таарах нь. Харин Шүүхийн сахилгын хорооны гишүүнд 10 шүүгч нэрээ дэвшүүлжээ. Тэднээс дөрвийг нь сонгоно. Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийн аль алиныг нь нийт шүүгчийн чуулганаас сонгох ёстой. Уг чуулганыг ирэх сарын 11, 12-нд нийслэлд зохион байгуулахаар товложээ.
Ийнхүү зөвлөл болон хороог байгуулчихвал шүүхийн захиргааны чиглэлээр үйлчилж байгаа дүрэм, стандарт, аргачлал зэрэг 50 орчим баримт бичгийг тэд батлах учиртай. Энэ мэтээр хүлээгдэж буй олон ажил урагшилна гэж найдаж байна. Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шалгахтай холбогдуулан бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай эрх бүхий байгууллагаас ирүүлсэн саналуудад ч шинээр байгуулагдах Шүүхийн сахилгын хороо хариу өгч, нэг тийш нь болгох их ажил хүлээгдэж буйг цөөнгүй хүн хэлж байгаа.
Нөгөө талаар Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг томилсноор шүүхийг шинэчлэх УИХ-ын ажил дуусахгүй. Шүүх байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршлыг тогтоох шийдвэрийг парламент батлах юм. Мөн шүүгч нарыг шилжүүлэн томилох боломжийг хуулиар хязгаарласныг эргэн харж, Шүүхийн тухай хуульд энэ талаарх засвар, өөрчлөлт оруулах хүлээлт бий болсон.
Түүнчлэн Үндсэн хууль дахь “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн заалтын дагуу шүүх байгууллагын хараат бус байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын дээд шүүхийн ирэх оны төсвийг УИХ хянаж, түүнийг нь Засгийн газар, Сангийн яам нэгтгэдэг байх зохицуулалтын дагуу ажилласан аж. Ирэх оны төсвийн төслийг аравдугаар сарын 1 гэхэд өргөн барьсан байх ёстой. Иймд 2022 оны улсын төсвийг батлахтай хамт шүүхийн шинэчлэлийн зарим хэсэг биеллээ олно гэсэн үг. Юутай ч шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнуудын, хуралдааны нарийн бичгийн даргын цалинг нэмэгдүүлэхээр ярилцсан юм билээ. Мөн шүүгчийн цалингийн нэмэгдлийг ч тооцсон сурагтай. Цаашлаад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн сахилгын хорооны байр, орон тоо, төсвийг ч шийдвэрлэх учиртай. Энэ нь удахгүй эхлэх төсвийн хэлэлцүүлгийн анхаарал татсан хэсэг байх биз ээ.
Ташрамд дурдахад, Шүүхийн тухай хуульд заасанчлан шүүхийн хэрэгцээ, судалгаанд тулгуурлан сургалт зохион байгуулах, шүүн таслах ажиллагааг мэдээллээр хангах, Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах, шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэх, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг Улсын дээд шүүхийн дэргэд саяхан байгуулаад байна. Тус хүрээлэнгийн захирлаар Дээд шүүхийн Тамгын газрын зөвлөх Н.Отгончимэгийг томилжээ. Харин тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард буюу Цэцийн шийдвэртэй холбоотойгоор “гацаа” үүсэхээс өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэрээ дэвшүүлээд байсан юм.