Коронавирусын халдвар тархсанаас хойш Төрийн ордон хэвлэлд хаалттай болсон. Төрийн ордны үйл явдлыг сурвалжлах эрх бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хэвлэлийн бага хурал зарласан цагт очиж, заасан байршлаас мэдээллээ нэг эх сурвалжаас бэлтгэн хүргэсээр өнөөдрийг хүргэв. Тэр ч бүү хэл УИХ-ын чуулганы нэгдсэн болон байнгын хорооны хуралдааныг цахимаар, тусгайлан бэлтгэсэн мэдээллийг л хүлээн авч буй. Ийнхүү төр, нийгмийн гүүр болох хэвлэллийнхэн мэдээлэх эрхээ эдэлж чадахгүй хоёр жилийг үдэхдээ төр, засгийн шийдвэрт хүлээцтэй хандаж ирсэн юм. Аравдугаар сарын 1 буюу энэ баасан гарагт УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт болно. Тиймээс сэтгүүлчид Төрийн ордонд болж байгаа үйл явдал, мэдээллийг иргэдийн мэдэх эрхийн хүрээнд нээлттэй хүргэх, хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдүүлж өгөхийг өчигдөр шаардлаа. Ингэхдээ Төв талбай дахь Сүхбаатарын хөшөөг тойруулан татсан гинжинд парламентын сэтгүүлчийн үнэмлэхээ өлгөж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба, Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шаардлага хүргүүллээ. УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “Ковид-19”-ийн халдвар дотоодод бүртгэгдсэнээс хойш Төрийн ордонд сэтгүүлчид хэрхэн яаж ажиллахыг зохицуулсан түр журам батлан мөрдсөн. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид тодорхой хүрээ, хязгаарт баригдан Төрийн ордонд ажиллаж байгаад миний бие сэтгэл зовниж байна. Тиймээс намрын чуулган эхлэхээс өмнө ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцаж байна. Бид түр журмаа өөрчлөх бодолтой байгаа. Гэхдээ УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах үүрэг бүхий хэлтэс, газар, алба нь журам, дүрэм гаргадаг байгууллага биш. Сэтгүүлчид Төрийн ордонд хэрхэн ажиллах журмыг УИХ-ын даргын захирамжаар баталдаг. УИХ-ын даргад энэ талаар уламжилна. Татгалзахгүй байх гэж бодож байна” гээд парламентын сэтгүүлчдийн түр хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулан, журмаа эргэж харах нь зүйтэйг онцолсон.
Мөн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Т.Ганзул “Сэтгүүлчдийн төлөөлөлтэй бид өмнө нь хоёр ч удаа уулзсан учраас ямар асуудал байгааг тодорхой ойлгож байгаа. Энэ журмыг хэрхэн өөрчилж болох вэ гэдгийг ярилцаж, дотооддоо хэд хэдэн удаа хуралдсан. Журмыг боловсруулахад Төрийн ордны хамгаалалтын албаныхан бас оролцдог” хэмээн тодотгоод шаардлагын дагуу аль болох хурдан хариу мэдээлэл өгөхөө тэмдэглэлээ.