Нийслэлийн зарим дүүрэгт өчигдөр сайжруулсан түлшний хомсдол үүсжээ. Ялангуяа гэр хорооллын айл олонтой Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн иргэд “Сайжруулсан түлш олдохгүйгээс дулаан хонож чадахгүйд хүрлээ” хэмээсэн юм. Тэгвэл түлшний хомсдол үүссэн шалтгааны талаар “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Тавантолгой түлш” компани үйлдвэрлэлээ хэвийн явуулж, одоогоор 70 000 тоннын нөөц бүрдүүлээд байгаа. Харин борлуулалтын цэгийн тоо цөөн байгаатай холбоотойгоор, бас гэнэт хүйтэрсний улмаас зарим айл өрх түлшээ авч чадахгүйд хүрсэн байх. Одоогоор нийслэлийн хэмжээнд борлуулалтын 40 цэг бий. Цэг тус бүр өдөрт 10 тонн түлш борлуулж буй. Цэгүүдийн тоог шат дараатай нэмэхээр төлөвлөсөн. Тухайлбал, ирэх сарын 1-нд 100 болгон нэмнэ. Улмаар 150, 200 болгон олшруулах замаар ирэх өвөл Улаанбаатарт борлуулалтын 600 цэг ажиллуулах юм” гэв.
Бэлтгэсэн М.Оч