Дэлхийн банкнаас жилд хоёр удаа шинэчлэн гаргадаг Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм тайланг өчигдөр танилцууллаа. Вакцинжуулалт, эдийн засгийг дэмжих арга хэмжээ авч, дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирсантай холбоотойгоор манай улсын ДНБ энэ онд 4.5, ирэх жил 5.2 хувиар тэлнэ гэж төсөөлснөө тус банкныхан дурдав. Эргэн сануулахад, манай улсын эдийн засгийг 2021 онд 6.8 хувиар өснө хэмээн төсөөлснөө дээрх банкныхан өнгөрсөн гуравдугаар сарын эцэст мэдээлж байлаа. Тэгвэл цар тахлын шинэ давлагаа үүсэж, өнгөрсөн хоёрдугаар улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомтуудад гадаад худалдааны саатал удаан үргэлжилж буй зэргийг харгалзан үзээд Монголын ДНБ-ий төсөөллийг өмнөхөөс ийн бууруулсан гэв.
Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев “Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх ч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэн, урт хугацаанд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэж зовниж байна. Тиймээс цар тахлын тархалтыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн сацуу төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар багасгах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод буй. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй” хэмээн тэмдэглэжээ. Мөн “Ковид-19”-ийн тархалтыг дарахаас гадна эдийн засгийг эрчимжүүлэх цогц стратеги шаардлагатай гэж нэмж хэллээ.
Уг тайланд дээрх бүс нутгийн эдийн засгийн идэвхжил энэ оны хоёрдугаар улиралд саарч эхэлснийг тэмдэглээд, ихэнх орны өсөлтийн төлөвийг бууруулсныг дурдав. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг энэ онд 8.5, бүс нутгийн бусад орных дунджаар 2.5 хувиар өсөх төлөвтэй аж. Энэ нь өнгөрсөн дөрөвдүгээр сард таамагласнаас бараг хоёр хувиар доогуур үзүүлэлт гэнэ. Цар тахлын тархалт эрчимжиж, үүнийг хумихад хүндрэлтэй буй нь өсөлтөд сөргөөр нөлөөлж, урт хугацаанд тэгш бус байдлыг нэмэгдүүлэх магадлалтайг мөн бичсэн байв. Ташрамд дурдахад, Монгол Улсын эдийн засгийг энэ онд 4.6, ирэх жил зургаан хувиар өснө гэж таамагласнаа Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.